Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг бүрэн хамруулсан теле камерын хяналтын нэгдсэн төвийг энэ сарын 23-нд нээлээ. Тус төв нь хиймэл оюун ухаанд суурилсан системээр замын хөдөлгөөний зөрчлийг бодит цагийн горимоор илрүүлж, мэдээллийг нэгдсэн байдлаар төвлөрүүлэн боловсруулах боломжтой юм. Теле хяналтын нэгдсэн болон есөн дүүрэгт байгуулсан дэд төвүүд нь нийслэлийн Засаг даргын харь¬яанд үйл ажиллагаа явуулж, хот даяар нэг цэгээс удирдах боломжтой гэнэ.
Хяналтын камерын нэгдсэн сүлжээг бүрдүүлснээр зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг шуурхай илрүүлж, таслан зогсоох боломжтой болох бөгөөд энэ нь иргэдийн аюулгүй, тайван орчинд амьдрах нөхцөлийг хангах нэг алхам гэж ТЦА-ныхан үзэж байна. Энэ төвийн ухаалаг камерууд нь одоогийн байдлаар туршилтын журмаар ашиглагдаж байгаа бөгөөд гаргасан зөрчлийн мэдээллийг сануулж зурвас хэлбэрээр иргэдэд хүргэж буй юм. Харин 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн илрүүлсэн зөрчилд торгуулийн арга хэмжээ авах журам хэрэгжинэ. Уг төвийн хяналтын камерууд нь замын хөдөлгөөний арван төрлийн зөрчлийг хиймэл оюуны тусламжтайгаар илрүүлэх аж. Гэрлэн дохио зөрчих, уулзварт түгжрэл үүсгэх, гарц дээр зогсох, хурд хэтрүүлэх зэрэг зөрчлийг хянаж байгаа юм.
С.Энхжаргал