Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхдагч шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлаас хасжээ. Тодруулбал, эл хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, нийгмийн салбар бүрийн төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг өргөн хүрээнд зохион байгуулаагүй, эрх ашиг нь хөндөгдөх талууд буюу холбогдох төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдээс санал аваагүй нь байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхэд зөрчилтэй, шаардлага хангахгүй гэж үзсэн байна.
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнгөрсөн сарын 26-нд өргөн барьсан юм. Хуулийн төсөл боловсруулагчид “Эрчим хүчний салбарыг либералчлах, томоохон төслүүдийг яаралтай эхлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой зохицуулалтуудыг үүнд тусгасан” гэж тодотгож байв. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Цэнгүүн эл төслийг эрчим хүчний салбарт “мега” хулгай хийх таатай боломжийг бүрдүүлэх далд зорилготой хэмээн хардаж буйгаа хэллээ. Тэрбээр “Уг хуульд “эрчим хүчний төсөл”, “эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч” гэсэн шинэ нэр томьёо оруулж, эрх мэдлээ зузаатгах гэсэн Эрчим хүчний сайдын үйлдэл сэжигтэй байна. Чоно борооноор гэдэгчлэн баяр наадмын үе тааруулж хуулийн төсөл өргөн барьсан нь ч учиртай. “ДЦС-3”-ын доголдол зэрэг салбарын хэмжээнд үүссэн томоохон асуудлууд руу чиглэсэн төслүүдийг УИХ-ын тогтоолоор шийдвэрлүүлэх боломжтой. Гуя дагаж хүзүү гэдэг шиг бүхэл бүтэн салбарын хуульд ганц төслийн нэр барьж, томоохон өөрчлөлтүүдийг оруулах гэж буй нь яавч яаралтай батлах боломжгүй нөхцөл байдалд хүргэв. Эрчим хүчний яам салбарын зах зээлийн загварыг тодорхойлж, төрийн оролцоог хязгаарлах, багасгахад анхаарах шаардлагатай” гэв.
Н.Буян