Говь гурвансайханы байгалийн цогцолборт газар дахь Ёлын ам, Хонгорын элсийг зорьж очсон жуулчдаас өндөр хураамж авч байна гэх шүүмжлэл саяхан гарсан билээ. Тэгвэл тухайн цогцолборт газар дахь аяллын гол маршрут болсон Ёлын амны ойр орчимд морь унуулах үйлчилгээ үзүүлэгч олширсон нь жуулчдын тав тух, аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг тур оператор компанийнхан, хөтөч, тайлбарлагч нар хэлж байна.
БНСУ-ын бүлэг жуулчинтай хэдхэн хоногийн өмнө Ёлын болон Дүнгэнээнийн аманд очоод ирсэн нэгэн хөтөч тухайн бүсэд тайван алхах боломж ч үгүй болсон, энд тэндгүй морины хомоол, ил задгай хог, ялгадас нүдэнд өртөж, байгалийн сайханд бус, малчин айлын хотонд очсон мэт мэдрэмж төрүүлснийг хуваалцжээ. Ойролцоох горхиноос ч малын шивтэр үнэртэж, өнгө нь шаргалтан хувирсан байсныг дурдав. Говийн чиглэлд аялал тогтмол зохион байгуулдаг олон хүн түүнтэй ижил байр суурь, сэтгэгдэл илэрхийлжээ.
Орон нутгийн иргэд, зарим компанийнхан “Угаасаа морьтой аялахыг хүссэн хүмүүс л Ёлын амыг зорьж очдог”, “Адуу малтай газар ийм хөл хөдөлгөөнтэй, үнэртэй байх нь тодорхой” гэхчлэн зөвтгөж буй нь гадаадын жуулчдын эрх ашиг, тав тух, хүсэл сонирхлыг үгүйсгэсэн, алдаа дутагдлаа хаацайлсан үйлдэл гэдгийг ч тэдний төлөөлөл хэлж байна. Зарим нь Ёлын аманд жуулчид морь унах гэж биш, байгалийн сайхныг үзэх гэж зорьж очдог хэмээн тодотгов.
Н.Буян