Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.9.3-т “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” хэмээн заасан нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа өнгөрсөн сард хэлэлцэн тогтоож, холбогдох заалтыг түдгэлзүүлэхээр шийдсэн юм.
Дээрх заалт нь Үндсэн хууль дахь “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” зэрэг заалттай харшилсан, үл хөдлөх хөрөнгөө авсан үнээс нь бууруулж зарах боломжийг хязгаарласан ноцтой зөрчил хэмээн нэр бүхий иргэд цэцэд мэдээлэл гаргасны дагуу хэлэлцээд ийн шийдвэрлэсэн.
Тэгвэл хуульч О.Батхүү Үндсэн хуулийн цэцийн эл шийдвэрийн талаар өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 онд яаралтай горимоор өргөн барьж батлахдаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд уг заалтыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд өөрийн үл хөдлөх хөрөнгийг заавал үнэ өсгөж зарах шаардлагыг тулгасан. Цэцийн дунд суудлын хуралдаанаар үүнийг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн, хүний өмчлөх эрхэд халдсан шийдвэр гэж дүгнээд буй. Хэрэв УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авбал хуулийн холбогдох заалт хүчингүй болно. Хүлээж авахгүй бол цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэнэ.
Өмч хөрөнгийн бүртгэлтэй холбоотой хуульд ийм заалт оруулсан нь иргэдээс өндөр татвар авах зорилготой байсан. Үүнээс болж иргэд ашиглахаа байсан хөрөнгөө ч зарж чадахгүйд хүрлээ. Энэ бол 1992 оноос хойш гарсан хүний эрхийн хамгийн том зөрчил” хэмээгээд өмчлөх эрхэд халдсан “коммунист” хуулийг яаралтай хүчингүй болгоход анхаарч ажиллахыг парламентын гишүүдэд уриаллаа.
Н.Буян