Хуульчийн мэргэжлийн шалгалтын товыг хуулийн дагуу 75 хоногийн өмнө тогтоож, олон нийтэд мэдээлэх ёстой. Үүний дагуу Монголын хуульчдын холбооны зөвлөлөөс энэ жилийн хуульчийн мэргэжлийн шалтгалтын талаар өчигдөр мэдээлэл өгөв. Шалгалтыг ирэх аравдугаар сарын 22-24-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах юм байна. Эл шалгалт нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн, эсэхийг тогтоох зорилготой бөгөөд эрх зүйч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж, хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дадлага хийсэн хүмүүс оролцох эрхтэй юм. Бүртгэлийг цахимаар буюу burtgel.mglbar. mn хаягаар явуулах ирэх сарын 8-наас есдүгээр сарын 21-нийг дуустал үргэлжлэх ажээ. Шалгалтыг эрх зүйчдийн ерөнхий мэдлэгийг шалгасан сорилгын болон тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлого гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулдаг. Бодлого бодох аргачлалын сургалтыг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх юм байна. Энэ талаар Монголын хуульчдын холбооны шалгалтын хорооны гишүүн Т.Мөнх-Эрдэнэ “Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлддэг сургалтын агуулгыг шинэчилсэн. Эрүү, иргэн, захиргааны эрх зүйн гурван салбарт сургалтын цагийг нэмж, туршлагатай багш нараар заалгаж байгаа. Өнгөрсөн оны сургалтын үйл явцад мониторинг хийхэд үр дүн сайн гарсан” гэв.
Ч.Болор