Баяр наадмын амралт хаяанд тулж, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор “Хариуцлагатай монгол аялагч-эх орноосоо эхлүүлцгээе” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж эхэллээ. Тодруулбал, ССАЖЗЯ, Монголын аялал жуулчлалын холбооныхон хамтран аялал жуулчлалын салбарт хариуцлагатай, байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх зорилгоор уг нөлөөллийн аяныг бодлогын түвшинд хэрэгжүүлж байна. Ингэснээр ногоон, хариуцлагатай аяллыг түгээн дэлгэрүүлж, дотоодын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжинэ гэв.
Иргэд нэг үеэ бодвол Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах нь олширч, тэр хэрээр эх дэлхийгээ хайрлан, зөв харилцаж сурч буй ч байгаль орчноо бохирдуулах, хог хаягдлаа хаа хамаагүй хаях үзэгдэл бүрмөсөн үгүй болоогүй л байна. Тиймээс салбарын яамнаас “Хариуцлагатай монгол аялагч” аянаар дамжуулан байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутаг, хөдөөгийн иргэд, бүс нутгийн эдийн засагт үзүүлж буй хор нөлөөг багасгах, хүрээлэн буй орчин, тухайн газар орны соёлд хүндэтгэлтэй хандах, аялагч өөртөө болон бусдад эерэг сэтгэгдэл үлдээх, байгалийн үнэ цэн, өгөөжийг хүртэх, хамгаалах сэдэл төрүүлэх зэрэг олон талын чухал ач холбогдлыг ухуулан сурталчлахыг зорьжээ. Аянд иргэд, олон нийтийг идэвхтэй оролцож, хариуцлагатай аялахыг холбогдох албаныхан уриалсан юм.
М.Гэгээ