Уул, усны диваажин гэгддэг Увсын цэнхэр хязгаар нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцацгаая. Тус аймаг нь Монголын баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршдог. Аймгийн төв Улаангом нь нийслэлээс 1425 километрийн зайтай. Түүнчлэн Хар тэрмэсийн, Хавцал боомын, Бургастайн зэрэг рашаан усаараа алдартай. Увс аймагт ОХУ руу нэвтрэх Боршоогийн, Тэсийн хэмээх хоёр хилийн боомт бий. 84 мянга гаруй хүн амтай энэ нутаг байгалийн бүс нутгийн огтлолцол, биологийн болон соёлын олон янз байдал, түүхийн дурсгалт газар, угсаатны өв соёлоороо онцлог тул аялагчдын хувьд нэн сонирхолтой юм.
УВС НУУР
Улаангом хотоос 36 километрийн зайд орших Монголын хамгийн том нуур. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их, бага 38 гол цутгадаг аж. Нуур орчмын экосистем нь усны шувуудын амьдрах өвөрмөц орчин бөгөөд 362 төрлийн нүүдлийн шувуу дулааны улиралд ирдэг байна. Хөвөө нь хужир, давс элбэгтэй тул малын бэлчээрт нэн тохиромжтой. 1994 оноос эхлэн дархан цаазат газар болгон, 2003 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэжээ.
ХЯРГАС НУУР
Уг нуурын савдаг нь том хөх бух байдаг хэмээх домогтой. Нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ. Сэлэх, загасчлах, завиар зугаалах, зураг авах зорилгоор жуулчид өргөнөөр зорьж очдог.
ХАРХИРАА, ТҮРГЭНИЙ САЛБАР УУЛС
Эл уулс далайн түвшнээс 4000 метрээс дээш өндөртэй 31 цаст оргилтой. Их нууруудын хотгор, Алтайн салбар уулсын бүсэд орших тул эрс тэс, эх газрын уур амьсгалтай. Тий¬мээс дулаан хувцас бэлтгэж очих нь зүйтэй.
АЛТАН ЭЛСНИЙ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР
Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг дэлийн элсний зүүн хэсгийг Алтан элс гэдэг аж. Элсэн дороос эх аван урсдаг цэнгэг устай гол горхи, булаг шанд, баян бүрдүүд болон гаднын нөлөөнд автагдаагүй манхан элс, эртний үеийн амьтдын үлдэгдэл, түүхийн дурсгалыг хадгалан үлдэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авчээ. Элсний хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургадаг.
ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ
Байгалийн үзэсгэлэнт газар болох тус хүрхрээ нь 17 метрийн өндрөөс урсана. Мөнх цас, сүрлэг хад, уулс, “Улаан ном”-д орсон нэн ховор ирвэс, аргаль, янгир, буга зэрэг 20 зүйлийн ан амьтан, 30 гаруй зүйлийн ургамалтай. Хүрхрээ нь шар, ногоон, сүүн цагаан зэрэг олон өнгөөр урсдаг байна. Түүнчлэн вансэмбэрүү цэцэг харах боломжтой нь жуулчдыг татдаг гол онцлог нь.
МӨНГӨН ЦАХИР УУЛ
Давст сумын төвөөс 50 орчим километрт цагаан саарал өнгийн шохойн гантиг чулуунаас тогтсон мөнгөлөг цагаан өнгөтэй эл уулнаа буга, янгир ямаа, олон тооны тамга тэмдэг, хүний нүүрийг дүрсэлсэн байдаг. Уулын зүүн талын аманд, хадны дээд хэсэгт эгц урдаас нь харсан хүний нүүрийг дугуйд багтаан хөмсөг, нүд, хамар амтай дүрсэлжээ. Түүний доор цаашаа хараад зогсож буй, шовгор оройтой малгай өмссөн хүний их биеийн хэсгийг хөвөөлөн гаргасан эдгээр дурсгалыг МЭӨ 3-1 мянганд холбогдоно гэж судлаачид үздэг байна.
Д.Сэлэнгэ