АНУ-ын Техас мужийн төв хэсэгт энэ сарын 4-ний шөнө хүчтэй аадар бороо орсны улмаас гэнэтийн үер бууж, 43 хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг өчигдөр мэдээллээ. Золгүйгээр нас барсан иргэдийн 15 нь хүүхэд байсан бөгөөд өчигдрийн байдлаар 30 орчим хүн сураггүй болсон байв.
Уг нийтлэлд “Үерийн улмаас Керр, Травис, Кендэлл зэрэг бүс нутагт хамгийн их хохирол учирсан. Керр бүсийн Гвадалупе голын эрэг орчимд 38 см хур тунадас орж, усны түвшин нь богино хугацаанд есөн метр хүртэл огцом нэмэгджээ. Түүнчлэн Керрвилл хотын бүсэд байрладаг “Camp mystic” хэмээх охидын зусланд амарч байсан 27 хүүхэд сураггүй болсон тухай онцгой байдлын албаныхан мэдээлсэн.
Керрвилл хотын захирагч Жүди Эйвс “Одоогоор нийт хэдэн хүн амиа алдсан, хэчнээн нь сураггүй болсон талаар баттай тоо баримт алга” гэж мэдээлжээ. Техасын онцгой байдлын байгууллагын аврагчид нийт 850 гаруй хүнийг үерийн голомтоос аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлсэн бөгөөд зарим иргэнийг модны мөчирт зүүгдсэн байхад нь олжээ. Аврах ажиллагаанд дайчлагдсан зэвсэгт хүчний алба хаагчид, орон нутгийн онцгой байдлын байгууллагынхан болон сайн дурын аврагчид нисдэг тэрэг, дрон зэрэг тусгай техник хэрэгсэл ашиглаж байна.
Цаг уурын байгууллагууд үерийн шалтгааныг Атлантын далайд үүссэн “Барри” хэмээх тропикийн шуурганы үлдэгдэл чийглэг агаар төв Техасын бүс рүү шилжсэнтэй холбон тайлбарлажээ. Үүний улмаас гадаргын усны түвшин эрчимтэй нэмэгдэж, голын сав газар дагуух хэсгүүдэд гэнэтийн үер буусан гэж мэргэжилтнүүд үзжээ.
С.Энхжаргал