XIV Далай лам төрсөн өдрөө Хималайн нурууны бэлд орших Дарамсала хотод мянга мянган шавь, дагагчдын хүрээлэлд тэмдэглэх үеэрээ анхаарал татахуйц хэд хэдэн мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр дараагийн дүр нь буддын шашны уламжлалт ёсоор тодорч, хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэдгийг онцлоод 130 наслах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Далай лам өмнө нь түүний дараагийн дүр Хятадаас бус, эрх чөлөөт ертөнцөд тодорно хэмээж байв. Харин БНХАУ Далай ламыг “салан тусгаарлагч” хэмээгээд, дараагийн шашны тэргүүнийг зөвхөн Бээжингийн зөвшөөрлөөр тодруулна гэж мэдэгдсэн юм. Далай ламын төрсөн өдрийг тохиолдуулан дэлхийн нөлөө бүхий удирдагчид, алдартнууд мэнд¬ чилгээ дэвшүүлсэн аж. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Би өөрийгөө жирийн л нэг буд¬дын лам хэмээн үздэг. Гэвч та бүхэн миний төрсөн өдрөөр арга хэмжээ зохион байгуулж буй тул энэ тухай зарим бодлоо хуваалцахыг хүслээ. Материаллаг хөгжилд анхаарах нь чухал ч дотоод амар амгаланг олж авахын тулд түвшин сэтгэл, энэрэнгүй зан чанарыг хөгжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй. Миний хувьд хувь хүний эрхэм чанар, шашин хоорондын эв зохицлыг түгээн дэлгэрүүлэх, оюун ухаан ба сэтгэлийн мөн чанарыг тайлбарласан эртний Энэтхэгийн мэргэн ухаан, энэрэл нигүүлслийг эрхэмлэдэг Төвөдийн өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгодоо шамдах болно. Сайхан ерөөл дэвшүүлье” гэжээ. Тэрбээр 1959 онд Хятадын ноёрхолд байсан Төвөдөд гарсан бослогын дараа цөлөгдөн Энэтхэгийн Дарамсалад ирж суурьшсанаас хойш Төвөдийн соёл, уламжлал, бие даах хүсэл тэмүүллийг хадгалахад гол үүрэг гүйцэтгэж ирснийг барууны хэвлэлүүд онцолсон юм.
Д.Хүслэн