
Сэлэнгэ аймгийн төвд байрладаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих байрнаас энэ сарын 6-ны ням гаргийн 18.00 цагийн үед М.Тамир гэх 28 настай яллагдагч оргожээ. Тэрбээр өмнө нь гурван удаа ял шийтгүүлж байсан нэгэн бөгөөд хамгийн сүүлд тус аймгийн Сүхбаатар сумын нутагт автомашин дотор бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгт холбогдон цагдан хоригдоод байсан аж. Орон нутгийн цагдаагийн байгууллагаас тухайн оргодлын талаар зарлан мэдээлэхдээ “170-175 см өндөр нуруутай, биерхүү, үсээ хусуулсан, дөрвөлжин царайтай, том гартай, ил харагдах шивээс, шарх сорвигүй” хэмээн тодотгосон байв.
Тэгвэл өчигдөр түүнийг аймгийн төвийн ойролцоо уулын модонд бүгж байхад нь цагдаагийнхан олж баривчилж, дахин цагдан хорилоо. Цагдан хорих байрнаас онц хүнд гэмт хэрэг үйлдсэн яллагдагч оргосонтой холбоотойгоор өдгөө прокурорын байгууллага болон ШШГЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-т шалгалт хийж буй аж.