Урин дулаантай зэрэгцэн Улаанбаатар хотод авто зам, барилга, бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж, хүнд даацын автомашин, техник хэрэгслийн дуу чимээ иргэдийг бухимдуулдаг. Үүний дээр автомашин, мотоциклынхоо хурд хүчийг мэдрэх гэж орилуулах залуусын хөдөлгөөн ч ихэслээ.
Монгол Улс орчны дуу чимээний бохирдлыг хянах, зохицуулах зорилгоор MNS 17-5-1-21:1992, UCS 2002A:2023 зэрэг стандарт мөрддөг. Эдгээр стандартад орон сууцын бүсэд дуу чимээний хүлцэх дээд хэмжээ өдөр 55, шөнө 45 дБ-ээс хэтрэх ёсгүй гэж заасан. Гэвч бодит байдалд Улаанбаатар хотод эл үзүүлэлт 2-3 дахин өндөр байгаа юм. Тиймээс хэт их дуу чимээ гаргадаг автомашин, мотоциклын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад буй юм.
Орчны дуу чимээний бохирдлыг бууруулахын тулд Хотын хяналт, шалгалтын газраас нийслэлийн зарим гудамж, олон нийтийн бүсэд дуу чимээний түвшинг хэмжиж хянахаар 10 гаруй байршилд уг төхөөрөмжийг байрлуулжээ. Тодруулбал, Сүхбаатарын талбай, III, IV, X хороолол, Бөхийн өргөө, Таван шар, 32-ын тойрог, Дамбадаржаа орчимд дуу чимээ хэмжих багаж суурилуулсан ч эдгээр нь зөвхөн өгөгдөл цуглуулахаас өөрөөр хяналт тавьж, хариуцлага тооцож чаддаггүй юм байна. Үүнийг өөрчлөн, хиймэл оюунд суурилсан камераар хэт их дуу чимээтэй автомашин, мотоциклыг хянаж харуцлага тооцох журмыг нийслэлийн ИТХ удахгүй хэлэлцэх аж.
С.Энхжаргал