Бусдын биед хүнд гэмтэл учруулсан, мансууруулах бодис хэрэглэсэн, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан хэргийн яллагдагч Ц.Санжаачойпэлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 8-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч захирамж гаргаж, эрүүл мэндийн шалтгаан гэх үндэслэлээр өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг болон бусад яллагдагч нартай уулзах, холбоо мэдээллийн хэрэгслээр харилцаа тогтоохыг хориглохоор болоод байсан. Өөрөөр хэлбэл, 30 хоног цагдан хорих байсан ч Цагдан хорих 461 дүгээр ангид 16 хоног саатуулагдаад гарсан билээ. Үүнийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор үндэслэлгүй гэж үзэн дээд шатных нь буюу тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунд гомдол гаргасан юм. Уг гомдлыг өнгөрсөн баасан гарагт хэлэлцээд Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна гэж дүгнэсэн юм. Ингэснээр Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн 14 хоног хорихоор болсон гэсэн үг.
Мөн өнгөрсөн баасан гарагт тус шүүх Ц.Санжаачойпэлтэй хамт гэмт хэрэг өдүүлсэн Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын цагдан хорих хугацааг сунгах, эсэхийг хэлэлцсэн юм. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай саналыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалан хэлэлцээд “хүний амь, эрүүл мэндэд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн болон нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж дүгнэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дахин 30 хоногоор сунгажээ.