Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Бат¬ чулуун нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалан өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм. Үүний дараа шүүгдэгч дээрх хоёр хүний өмгөөлөгч нар хохирол төлбөр төлөхийн тулд тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авсан. Уг завсарлагын хугацаа өчигдөр дуусаж, эрүүгийн хариуцлага оноох хурлыг нь үргэлжлүүлж хийлээ. Ингээд ХААИСийн захирал асан Т.Хэрүүгаг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял оноолоо. Тус сургуулийн дэд захирал асан Ж.Батчулууныг зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг мөн хугацаагаар хасан, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Шүүгдэгч тус бүр АТГ болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн дансанд байршуулсан 20 гаруй сая төгрөгийг хохирол, төлбөрт тооцуулахаар улсын орлогод оруулахаар болсон юм.
Т.Хэрүүга, Ж.Батчулуун нарыг ХААИС-ийг удирдаж байхдаа албан тушаалаа урвуулж, хохирол учруулсан гэх гомдлыг тус сургуулийн багш, ажилтнууд АТГ-т гаргаснаар мөрдөн байцаалтын ажиллагааг 2020 онд эхлүүлсэн билээ. УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах, Ж.Батчулуун тус сургуулийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд Т.Хэрүүгатай хамтарч ХААИС-ийн хөрөнгөөс албан тушаалаа урвуулан завшсан хэрэгт буруутгагдаж буй. Тэд сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Киа морнинг”, “Бонго жи-3” загварын автомашин тус бүр нэг, “Хьюндай аванте” суудлын автомашин, “Хьюндай каунти” загварын автобус тус бүр хоёр, нийт зургаан тээврийн хэрэгслийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан нь АТГ-ын мөрдөгчдийн явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон юм.