Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Улсын драмын эрдмийн театрын хойно орших “Эко интернэйшнл тауэр”-ын 26 давхраас наймдугаар сарын 29нд хүн унаж нас баржээ. Тухайн давхарт үйл ажиллагаа явуулдаг “Ilflore” ресторанд үйлчлүүлж байсан 24 настай залуу саравчит тагт (террас)-аас нь доош унасан аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар гаднын ямар нэг нөлөө байгаагүй гэнэ. Эрүүл мэндийн байдал нь муудсанаас уу, эсвэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс ийм харамсалтай явдал болсон уу гэдгийг тогтоохоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн мөрдөн шалгаж буй аж. Бидэнд олдсон мэдээллээр ар гэрийнхэн нь энэ золгүй явдлыг мэдээгүй, тухайн залууг гэрээсээ гараад сураггүй болсон хэмээн эрэн сурвалжлуулахаар цагдаагийн байгууллагад хандаад байсан гэнэ.