- Хохирогч Д.Саяннямбууг хилээр гарахыг хязгаарлах саналыг шүүх хүлээж авсангүй –
УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, хууль тогтоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, “Таван богд групп” ХХК-ийн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Амарсайхан, УБТЗ-д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүний хүү Л.Алтан-Очир нар хамтарч, өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Д.Саяннямбууг зодож хүнд гэмтээсэн хэрэг олны анхаарлын төвд байсаар буй. Хэргийг өдүүлсэн залуусыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаас гадна мансууруулах бодис хэрэглэсэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан үйлдэлд нь яллагдагчаар татаад байгаа билээ. Харин “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан хилээр гарч зугтан, харь оронд бүгж байгаа учраас хэргийг нь тусгаарлаж, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлэхэд бэлэн болж буйг баттай эх сурвалжууд мэдээллээ.
Тэгвэл яллагдагч талын нэг нь буюу УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл хэргийг харилцан зодолдсон болгох оролдлого хийх болсон. Тиймдээ ч прокурор, мөрдөх байгууллагад гомдол өгч, шүүх эмнэлгийн дүгнэлт хүртэл гаргуулаад буй юм. Өөрөөр хэлбэл, Ц.Санжаачойпэлд хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт шүүх эмнэлгийн шинжээч гаргасанд үндэслээд Д.Саяннямбууг Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчаар тооцсон гэнэ. Улмаар БНСУ-д хүнд мэс засалд ороод эх орондоо буцаж ирээд буй түүнийг яллагдагчаар татан хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд санал хүргүүлснийг өчигдөр 13.30 цагт хэлэлцлээ. Тус шүүхийн шүүгч Н.Баярмаа уг саналыг хянаад “Хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн тайлбар, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, прокурорын гаргасан санал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авах шаардлагагүй” гэж үзжээ.
Таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсэхийг шийдвэрлэх шүүх хуралд Д.Саяннямбуу аав Д.Дашзэвэгийн хамт ирсэн юм. Энэ үеэр Д.Дашзэвэг “Миний хүү эдгэх боломжгүй гэмтэл авсан. Сая нүүрний цөмөрсөн ясыг нь наашлуулах хагалгааг Солонгост хийлгээд ирээд байгаа юм. Тархинд нь хурсан цусыг шимэгдүүлэх эмчилгээ үргэлжлүүлэн хийж байна. Нүдний хараа асуудалтай болсон. Эмчилгээ хэд хоног завсарлахаар нь гэртээ ирж тэнхрээд, ням гарагт БНСУ руу эмчилгээндээ явахаар төлөвлөж байсан. Гэтэл бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж миний хүүг яллагдагчаар татан, хилийн хориг тавих шүүх хуралд дуудлаа. Зодсон хүмүүс нь зугтах гэж байхад нь таксинаас татаж буулгаад, зууралдаж, ноцолдсон нь бичлэг дээрээс харагддаг. Тэр үед үүссэн юм уу, нэгэнд нь хөнгөн гэмтэл учруулсан гээд хилийн хориг тогтоох гэж буй нь арай л чангадсан асуудал.
Хэрэгт холбогдсон залуусын эцэг, эхчүүд ирж уучлалт гуйсан. Эмчилгээнийх нь зардлыг эмнэлэг рүү нь шилжүүлсэн” хэмээсэн юм.