“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой, 80 хүн, дөрвөн компанид холбогдох хэрэгт холбогдогчдоос өнгөрсөн өвөл заримынх нь гэм бурууг дахин дэнслүүлэхээр Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд буцаасан билээ. Үүний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх есдүгээр сарын 8-ны даваа гаргаас эхлэн 42 хүн, гурван аж ахуйн нэгжийнхэнд холбогдох хэргийг хэлэлцэж, өчигдөр 14.00 цагт гэм буруутай, эсэх талаар гаргасан дүгнэлтээ танилцуулсан юм. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд 42 хүнээс 19-ийг нь гэм буруутайд тооцож, 23-ыг нь цагаатгалаа. Тодруулбал, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Найдалаа, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Хөгжлийн банкны ТУЗ, гүйцэтгэх удирдлагад нь эрх бүхий албан тушаал хашиж байсан Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, Б.Даваасамбуу нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзжээ.
Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, дээрх банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарыг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалаа урвуулан ашиглаж, “Бэрэн”, “Монроуд” ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэв. Б.Шинэбаатарыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн тэргүүн дэд захирал байхдаа Худалдаа, хөгжлийн банкны хамаарал бүхий “Кью эс си” ХХК-д давуу байдал олгож, тус үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцов. Мөн Хөгжлийн банканд болон ТУЗ-д ажиллаж байсан Б.Даажамба, Б.Баярмагнай, Ц.Билгүүн, Т.Мөнхтулга нарыг бусдад давуу байдал олгосон, “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон, “Мондулаан трейд” ХХК-ийн Ш.Бүтэд, “Газимпорт” ХХК-ийн П.Мягмардорж, НВЦ ХХКийн Ц.Баатарбилэг, “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөр, “Сэлэнгийн герефорд”-ын Г.Батдорж, “Алтай групп”-ийн Х.Бат-Эрдэнэ, Э.Эрдэнэбилэг, Б.Батбаатар, Ч.Өлзий нарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргийн хатгагч, хамжигч, зохион байгуулагчаар оролцсон, мөнгө угаасан гэм буруутайд тооцсон юм. Эдгээрээс гадна өдгөө Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж буй Г.Байгалмаагийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулсан, мөнгө угаасан, хуурамч бичиг баримт үйлдсэн нь нотлогдсон гэж үзлээ. Мөн НВЦ, “Инжир”, “Ганхүдэр орд” ХХКийг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, хахууль өгсөн, мөнгө угаасан гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Улмаар “Пирамид орд”-оос 24, “Газимпорт”, “Инжир”-ээс тус бүр долоо, “Сэлэнгийн герефорд”-оос 5.9, “Бэрэн групп”-ээс иргэний шүүхээр тогтоосон 178, НВЦ ХХК-аас 74.8, “Монгол мах экспо”- гоос 32, “Монгол драй милк”-ээс 14 тэрбум төгрөг гаргуулж, Хөгжлийн банк, “Кью эс си”-гээс 1.6 тэрбум төгрөг гаргуулж “Эрдэнэт үйлдвэр”-т олгуулахаар болов. Түүнчлэн Б.Мөнхтөр, Ц.Баатарбилэг, Ш.Бүтэд зэрэг хэд хэдэн шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 4-13 сая төгрөг гаргуулж, шинжээчийн дүгнэлт үйлдсэн байгууллагад олгуулахаар шийдвэрлэлээ.
Үргэлжлүүлэн эрүүгийн хариуцлага оноох хурал болж гэм буруутай гэж шүүх дүгнэсэн хүмүүст нийтийн албанд ажиллах эрхийг 4-8 жил хасаж, 3-7 жил хорих ял оноох саналаа прокурорууд илэрхийлж, өмгөөлөгч нар ялыг хөнгөрүүлэх байр сууриа илэрхийлцгээсэн юм. Дугаар шилжих мөчид шүүх хурал дуусаагүй байлаа.