Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг прокурор, мөрдөх байгууллагад байгуулан шалгаж байв. Уг ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 156 хүн, хуулийн гурван этгээдийг яллагдагчаар татсан аж. Тэдгээрээс 108 хүн, хуулийн гурван этгээдийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан, өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэмээн прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргүүдийг хянан хэлэлцээд, 88 хүнийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хү¬¬лээлгэсэн юм. Тухайлбал, эдгээрээс таван хүнд хоёроос таван жил есөн сарын хугацаагаар хорих ял шийтгэсний дотор УИХын гишүүн, сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал байсан Б.Ганхуяг нар багтана. Харин 80 хүнд 3-38 сая төгрөгийн торгох ял, 63 хүнд 2-7 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасах ял оноосны олонх нь хил, гааль, мэргэжлийн хяналт, АТҮТ-ийн албан тушаалт¬нууд, нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл байв.
Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүмүүсээс гэмт хэрэг үйлдэж олсон 353 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, 14.9 тэрбум төгрөгийг гаргуулж, улсын орлого бол¬гохоор болсон. Мөн эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад нийт 2.2 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, төрд учирсан 194 384 ам.доллар болон 23.8 тэрбум төгрөгийн хохир¬лыг нөхөн төлүүлээд буй юм. “Нүүрсний” гэх тодотголтой, яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдээс 20 хүнд холбогдох үйлдлийг шүүх хянан шийдвэрлээгүй байна. Одоогоор дээрх ажлын хэсгийнхэн 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэнэ. Тэ䬬¬гээрийн дотор “Админерал” ХХК-тай холбоотой болон УИХ-ын гишүүн асан нэр бүхий хүмүүсийн хэрэг багтаж буй аж.