Хашаандаа нохой тэжээдэг айл өрх хот, хөдөөд олон бий. Гэвч түүнийгээ уялгүй орхисноос гудамж, талбай, олон нийтийн газарт хүмүүс, ялангуяа хүүхдүүд рүү дайрч ноцох тохиолдол цөөнгүй гардаг. Уг нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд “Нохой, муур зэргийг асран хамгаалагч нь олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах, тухайн амьтан нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, орон сууц, хашаанаас хараа хяналтгүй гаргахгүй байх үүрэгтэй” гэж заасан. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлдэггүйгээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсаар байгаа билээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 5.19-1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний биед хохирол учруулсан” зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлэснийг сүүлийн гурван жилийн байдлаар судалжээ. Энэ хугацаанд зөрчлийн 87 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Тодруулбал, гэрийн тэжээвэр амьтан буюу нохойгоо зориулалтын хошуувч, хүзүүвч, уяагүй байлгаснаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 55 хүнд Зөрчлийн хуулийн 5.19-1-т заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу шийтгэл оноосон аж. Түүнчлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 10.1-д “Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч нь эдгээр амьтандаа мал эмнэлгийн үйл-чилгээнийнэгжээр бичил чип суулгуулж, харьяа баг, хорооны Засаг даргад бүртгүүлнэ” гэж заасан байдаг ч зарим хороонд бүртгэл хангалтгүй байгааг тогтоожээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрынхан шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг тус дүүргийнХууль, эрх зүйн, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хөдөө аж ахуйн асуудал хариу цсан мэргэжилтэн, мал эмнэлэг, 24 хорооны Засаг дарга нарт танилцуулж, хуулийг хэрэгжүүлэхийн тулд хэлэлцүүлэг зохион байгуулж, ноход нь хүний эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг сануулсан уриалга гаргажээ.