“Үндэсний дээд лиг”-ийн тэмцээн “Аса арена”-д үргэлжилж, Монголын волейболчид 30 дахь жилийнхээ ойгоор үзэгчдэд сонирхолтой, гал гарсан, өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж байна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг дотоодын ямар тамирчдыг эгнээндээ нэгтгэж, аль улсаас легионер тоглогчдоо урьж, хүчээ зузаатгасныг талбай дээрх өрсөлдөөнөөс харсан биз ээ. Энэ удаагийн лигт ч гэсэн эмэгтэйчүүдийн багийг бэлтгэл хийлгэсэн туршлагатай дасгалжуулагчид авьяас, ур чадвар, ухаанаа уралдуулах нь эргэлзээгүй.
“Өвөрхангай хашхан” клубийнхэн 2022 оноос эхлэн лигт оролцож буй. Тэд энэ удаа Бразилын волейболын мэргэжилтнүүдээс Андре Тондатогоор удирдуулахаар болсон. “Khuvsgul seven stars” багаас Г.Хонгорзулыг, “Хобби эйс”-ээс Х.Энххүслэнг багтаа авсан нь зөв сонголт байв. Тэд Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин. Олон улсын болон тивийн тэмцээнд улсаа төлөөлж оролцсон тул туршлага чамгүй хуримтлуулсан. Тэднээс гадна тус багт долоо дугаартай Маркензи Бенуа, найм дугаартай Милана Берд хэмээх хүчирхэг легионер бий. “Хашхан” ХХК-ийн хамт олон, тус багийн эзэн Д.Алтанхүү тамирчдаа Тайланд улсад өнгөрсөн наймдугаар сард лигт сойхоор бэлтгэл хийлгэсэн тул хойших тоглолтуудад хүчтэй өрсөлдөх биз ээ.
“Хобби эйс”-ийнхэн лигт тоос өргөж буй багуудаас хамгийн залуу тоглогчидтой нь. Анхны тоглолтоо “Хилчин”-ийнхэнтэй өрнүүлж, ялагдлаар эхлүүлсэн ч дараа талбайд хүчтэй болоод эргэн ирнэ хэмээн хөгжөөн дэмжигчдэдээ амласан. Тэд дараагийн тоглолтдоо “Дархан могулс”, “Минтонет говь” клубийнхэнтэй учраа таарсан ч 3:2-оор хожиж, хаалт, хамгаалалтаа сайжруулан, довтолгоогоо чанаржуулж, алдаагаа зассанаа харуулсан юм. Тус багийн амжилтын төлөө Японы легионер Манано Мияшита, Никару Тамура нар хүчин зүтгэж буй. Өнгөрсөн жил тэдэнтэй нэгдсэн Никару Тамураг хэрхэн тоглодгийг Монголын үзэгчид багагүй мэднэ. Дотоодын тоглогчдоос ес дугаартай Б.Хулан, 11 дугаартай П.Хатанзаяа нар 2023 онд Сингапурын дээд лигт оролцож, “JRT volleyball academy” клубт легионероор тоглосон. Түүнчлэн тэр жилээ Малайзад болсон цомын төлөөх тэмцээнд тус клубийнхэнтэй өрсөлдсөн юм. Тэр тусмаа Завхан аймгаар овоглодог П.Хатанзаяагийн давуулсан бөмбөг хүчтэй ордгийг учраа таарсан эсрэг багийнхан нь нэг хэсэгтээ л мартдаггүй гэдэг. Түүний хүч чадал амархан бууж өгөхөөргүй дайчин чанараас нь харагддаг.
Тус багийнхан 2019, 2021 оны дээд лигт аваргын төлөө өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн бол 23 хүртэлх насныхны залуучуудын УАШТ-д 2018, 2020 онд хүрэл, 2023, 2024 онд дэд байр эзэлсэн. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард болсон волейболын олон улсын “Sarawak-2025” тэмцээний финалд тэд Тайландын “Thanyaburi” багийг 3:2-оор ялж, алтан медаль хүртсэн билээ.
“Хилчин” клубийнхнийг Г.Энхнаран ахалдаг. Шинэ залуу авьяастнуудыг волейболын академиасаа төрүүлдэг тус багийнхан лигт “Хил дээр бат, талбай дээр хүчтэй” уриатай оролцож байна. Дээд лигээс нэг алт, мөнгөн медаль гардсан тэднийг учраа таарсан багууд нь хожих амаргүй хэмээн ярьдаг. Тус багийнхан аваргын цом гардахаар хүчтэй дайралт хийж эхэлсэн. Монголчуудын танил Такамия Эрика болон Кикүчи Шизүкүг эгнээндээ нэгтгэж Филиппин, Японоос Чехийн лигт тоглож байсан туршлагатай довтлогч Тамарү Асакатай гэрээ байгуулсан. Дээд лигийн 30 дахь улирлын тоглолтыг өнгөтэй эхлүүлсэн тэд I тойргийн тав дахь тоглолтоо “Дархан могулс”-тай хийж, 3:1- ээр хожсон. Тэд дөрөвдүгээр үед давуу талаа мэдэрч, довтолгоонуудаа амжилттай гүйцэтгэж, хаалтуудаа нягт хийж хожлыг өөрийн тал эргүүлсэн юм. Багийн ахлагч Г.Энхнаран 20, Тамарү Асака 16, Б.Халиунзаяа 15 оноо авч, довтолгоонд гайхалтай тоглолт үзүүллээ. Кикүчи Шизүкү 55 дамжуулалт өгч багийнхнаасаа гангарлаа. Туршлагатай тоглогчдоос Д.Сосорбурам мөн гайхалтай тоглолт үзүүлэн багийнхаа хожилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Такамия Эрика 180 см өндөртэй. Өнгөрсөн жилийн лигт “Ховд ижил Алтайн барс” багийнхантай тоглосон. Вьетнамын лигт оролцож амжилтынхаа гарааг үргэлжлүүлсэн тэрбээр одоо 24 настай, голын хаагчийн байрлалд тоглодог. Энэ мэтчилэн эмэгтэйчүүдийн баг алтан цом гардахын төлөө “Аса арена”-г доргиож байна.
“Хөвсгөл эрчим” багийнхан энэ улиралд шинэ өнгө төрх бүрдүүлж, нэрээ “Khuvsgul seven stars” болгон өөрчилсөн. Тэд бүрэлдэхүүндээ өнгөрсөн жил аварга болсон Ц.Энххүслэн, Ц.Анударь, М.Санчирмаа, Б.Амарбаясгалан нарыг нэгтгэсэн бол Бразилаас легионер Лима Линхарес Летисия, Венесуэлээс Белисарио Йохенлис, Кубаас Кастилло Витал Ислен нарыг багтаа урьж, ширүүхэн өрсөлдөж байна. Тэд тэмцээн эхлэхийн өмнө хамтдаа зорилго, зүтгэл, ялалтаар нэгэн зүгт тэмүүлж, дахин шинэ түүх, амжилт бүтээхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлээд тоглолтын талбайд гарсан. Өмнө нь хоёр удаа алтан цом өргөсөн тэднийг ана мана тоглох бусад багийн хүчтэй өрсөлдөөнд аваргаа хамгаалж чадах, эсэх нь олны анхаарлыг татаж буй. Тус багийнхан улирлын I тойргийн тав дахь тоглолтод “Хобби эйс” багийг 3:2-оор илүүрхэж дөрөв, зургаа дахь өрсөлдөөнд “Өвөрхангай хашхан”-ы тоглогчдыг 3:1-ээр буулган авч, тав дах хожлоо авсан. Тэднээс өндрийн довтлогч Белисарио Йохенлис 27 оноо авч шилдэг тоглогчоор шалгарав.
