Цаг уурын байгууллагын энэ сарын 28-ны мэдээллээр нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын дунд зэрэгтэй гарчээ. Харин Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгийн хойд, Булганы баруун, Төв аймгийн баруун өмнөд, Дорноговь, Дорнодын өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна. Баян-Өлгийн өмнөд, Увс, Булганы зүүн, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Хэнтийн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсэг, Дорнодын зарим газарт хуурайшилтын зэрэг их, Эрдэнэт, Дарханы нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд хэсэг, Хэнтий, Дорноговийн зарим газраар дунд түвшинд гарсныг мэдээлэв.
Улсын хэмжээнд уржигдрын байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 10 аймгийн 41 сумд нийт 72 удаагийн түймэр бүртгэгдсэн байна. Үүнээс сүүлийн долоо хоногт Увс, Дорнод, Завхан, Хөвсгөл, Хэнтий аймагт ой, хээрийн 10 түймэр гарчээ. Галын аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, найман автомашиныг хамгаалж, гурван айлын найман иргэн, 3760 орчим мал нүүлгэн шилжүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар 528 222 га талбай өртжээ.
Ихэнх нутагт хуурайшилтын зэрэг нэн их, их түвшинд байгаа тул түлсэн гал, асаасан чүдэнз, тамхины цог, үнс нурмыг бүрэн унтраах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй, машин техникээ утааны яндан, оч баригчтай болгохыг онцгой байдлын байгууллагаас анхааруулав.
Ч.Туяа