“Админерал” ХХК-ийн эцсийн өмчлөгч, тус компанид хөрөнгө оруулсан Монгол Улсын “Моновант” компанийн гүйцэтгэх захирал Ц.Ламжавыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс цагдан хорих захирамж гаргалаа. Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт түүнийг цагдан хорих тухай санал дээрх шүүхэд хүргүүлснийг шүүгч Б.Батболор пүрэв гарагт нь өмгөөлөгч, прокурор, яллагдагч нарыг оролцуулан хэлэлцсэн юм. Улмаар яллагдагч Ц.Ламжавыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.1-ийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан”, 14.9-1.4 дэх хэсгийн “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” хэмээн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай прокурорын гаргасан санал үндэслэлтэй байна гэж үзжээ.
Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Бортээгийн уурхайд “эзэн сууж” баяжуулах үйлдвэр барьсан “Админерал” ХХК хууль ёсны дагуу тусгай зөвшөөрөл авсан, эсэхийг АТГ-т шалгаад багагүй хугацаа өнгөрч буй бөгөөд эл хэрэгт эрх мэдлээ ашигласан байж болзошгүй хэмээн буруутгаж, Монгол ардын нам (МАН)-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, дээрх Ц.Ламжавын төрсөн дүү Ц.Чулуунзагдыг цагдан хорьж шалгаж эхэлсэн. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод буй юм. Мөн уг хэрэгт УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг ч холбогдуулаад байгаа билээ.