Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангийн шинэ барилгыг өнгөрсөн баасан гарагт нээлээ. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 2024 оны 43 тоот тогтоолоор тус дүүргийн 21 дүгээр хороонд Гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги байгуулахаар шийдвэрлэжээ. Үүний хүрээнд тус хороонд орчин үеийн стандартад нийцсэн, төмөр бетон хийцтэй, 2100 гаруй ам метр талбайтай, А, В, С гэсэн гурван хэсгээс бүрдсэн, дээд давхартаа алба хаагчдын орон сууц бүхий барилга барьж дуусган, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Ингэснээр нийслэлийн хойд чиглэлийн, гэр хорооллын 80 гаруй мянган иргэнд гамшгаас хамгаалах үйлчилгээг богино хугацаанд хүргэх боломжтой болов.
Тус ангийг анх удаа нийслэлийн дүүргийн хөрөнгө оруулалтаар буюу 6.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Энэ тухайд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “10 мянгаас дээш хүн ам тутамд болон 4000- гаас дээш иргэнтэй суурин газарт тус бүр нэг аврах анги байгуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, нийслэлийн найман дүүрэгт 18 гал унтраах, аврах анги барьснаар стандартын дагуу ажиллах боломжтой болно. Одоогоор нийслэлд гал унтраах, аврах анги 10 гаруй бий. Нийслэлд гамшиг ослын нийт дуудлагын 80 орчим хувийг ахуйн түймэр эзэлж байна. Авто замын түгжрэл, гэр хорооллын айл өрхийн хаягжилтаас шалтгаалж зарим үед тусламж, үйлчилгээ 10-15 минутад хүрэх нь бий. Үүний улмаас иргэд өмч хөрөнгө, эрүүл мэнд, амиараа хохирдог. Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги дангаараа галын дуудлагын 30-35 хувьд хүрч ажиллаж байна. Иймд хүн ам төвлөрсөн газарт шинэ анги байгуулснаар шуурхай ажиллах боломж бүрдлээ” гэв.
Ч.ЦЭЛМЭГ