Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдэд их хэмжээний хохирол учруулж байсан хүмүүст холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Pokerrr-2” гэх аппликэйшн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан хэрэгт холбогдуулан Г.Гонгордорж, О.Мягмарсайхан, Г.Алтанбагана, Э.Барсболд, М.Хосбаяр, Б.Бат-Орших, Б.Сүхбат, М.Мөнх-Од, Л.Батхишиг нарыг өнгөрсөн жилээс цагдаагийнхан мөрдөн шалгасан юм. Улмаар Нийслэлийн прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн 20.17-1-ийн “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан”, 18.6-1 дэх хэсгийн мөнгө угаасан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Нэр дурдсан есөн хүн Хан-Уул дүүргийн нутаг, “Хүннү 2222”, “Жапан таун” зэрэг хотхонд орон сууц түрээслэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүлэн, баривчилж байв. Шүүхээс гол зохион байгуулагч гэж дүгнэсэн Г.Гонгордоржид гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял оноож, гэмт хэрэг үйлдэж олсон 2.1 тэрбум төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Хэргийн холбогдогчид нэг жил зургаан сараас хоёр жил зургаан сар хорих ял шийтгэж, 7-60 сая төгрөг гаргуулан улсад хураахаар болжээ. Мөн хууль бус орлогоор худалдан авсан “Прадо-150” загварын автомашин, мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан компьютерууд, 10 ширхэг гар утас зэргийг улсын орлого болгож шийдвэрлэлээ. Түүгээр ч зогсохгүй хууль бусаар олсон орлогоо угааж, өндөр үнэлгээтэй орон сууц худалдан авсныг ч шүүх тогтоосон байна.