Кимастер нь мод болон төмрөөр урласан цагаригт түлхүүр тоглоом юм. Олон хэлхээ бүхий цагаригийн цоожыг ямар нэгэн багаж хэрэгсэлгүйгээр тайлснаар хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэн, оюуныг задалж, хурдан сэтгэн бодох чадварыг сайжруулдаг. Монголын спорт өрөлтийн холбоо Кимастер спортын холбоотой хамтран улсын чансааны өндөр үзүүлэлттэй 16 тамирчны дунд “Кимастер лиг”-ийг анх удаа амжилттай зохион байгуулав. Тус тэмцээнийг таван цагаригт кимастер төрлөөр явуулахад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Alpha” клубийн тамирчин Б.Хишигбат аваргалж, долоон цагаригт кимастер төрөлд “RedS” клубийнхнээс Ж.Хаш-Эрдэнэ шилдгээр шалгарлаа. Тэгвэл “Оюуны наадам-2025” рубик шооны спортын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээнд (Пираминкс төрөлд) “MEGA” клубийн оролцогч Э.Хангай (2.358) түрүүлж, 2x2x2 төрөлд Ц.Тэмүүлэн (2.236 секунд) тэргүүн байр эзэллээ.