Милан-Кортинагийн 2026 оны өвлийн олимпын наадмын галыг асаах ёслол Италийн нийслэл Ром хотын Пьяцца дель Квиринале талбайд өнгөрсөн баасан гарагт боллоо. Грекээс онгоцоор авчирсан олимпын галыг Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла асаах үед түүнтэй хамт Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентри, “Милан-Кортина-2026” өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Жованни Малаго нар байлцав.
Кирсти Ковентри олимпын галын бэлгэдлийн хүчийг онцлоод, энэхүү бамбар нь үе үеийн тамирчдыг нэгтгэж, ямарваа нэгэн ялгаварлан гадуурхалтгүйгээр тэмцээнд оролцоход эрхийг нь хамгаалж, тэднийг урамшуулан зоригжуулахад чиглэсэн анхдагч үзэл санааг үргэлж сануулж байдгийг дурдлаа. Италийн Ерөнхийлөгч С.Маттарелла ёслолд оролцогчдод хандан “Олимпын гал бол энх тайван, эв санааны нэгдлийн бэлгэ тэмдэг. Олимпын тоглолт түрэмгийлэл, дайсагналаас ямагт татгалзах болно” гэжээ. Сонирхуулахад, бамбарыг Ром хотод авчирсны дараа Ж.Малаго, нэрт теннисчин Жасмин Паолини нар хүлээн авч, буухиалан гүйсэн байна.
М.Гэгээ