Ой тогтоолтын дэлхийн холбооноос зохион байгуулсан 34 дэх удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Наранзул дэлхийн аварга боллоо. Тэмцээнд 15 орны 169 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрөлд гурван өдрийн турш өрсөлдөж, аваргуудаа тодруулахад О.Наранзул 8225 оноогоор өсвөрийн дэлхийн аваргын цом хүртэн, нийлбэр дүнгээр насанд хүрэгчдийг ялан энэ оны аварга болж, 10 сая төгрөгийн шагнал хүртжээ. Тэрбээр Монгол Улсаас нийлбэр дүнгээр дэлхийн аварга болсон дөрөв дэх тамирчин аж.
Монголын оюун ухааны академийн тамирчид энэ удаагийн ДАШТ-ээс нийт 90 медалиас 66-г нь хүртэж, нийлбэр оноогоор тэргүүлснээр долоон удаагийн дэлхийн аварга баг болж, түүхэн амжилт тогтоосон байна. Тодруулбал, монгол хүүхдүүд 10 төрлөөр хэдэн мянган мэдээлэл тогтоон, эргэн санаж, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж, нийлбэр дүнгээр багаараа дэлхийн аварга болжээ. Түүнчлэн их мастер цолны болзлыг Г.Эрдэнэгэрэл, Н.Марал нар хангасан байна. Эл цолыг тэмцээний нийлбэр дүнгээр 5500 оноо давуулсан эхний таван тамирчинд олгодог аж. Мөн олон улсын мастер цолыг долоон хүүхэд хангажээ.
Ч.Цэлмэг