Модон бөмбөг эко спортын төрөлд багтдаг. Хичээллэхэд нас харгалздаггүй тул хэн ч амжилт гаргах боломжтой. Аливаа спортын төрлийг тухайн хүний хүсэл, сонирхолд тулгуурлаж хөгжүүлдэг. Олон улсын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мин Хуй Вен энэ спортыг Азийн орнуудад анх хөгжүүлснээр өдгөө 50 гаруй орны тамирчин өрсөлддөг болжээ.
“Залуу од” клуб байгуулж, тамирчдаа ДАШТ-д сойв
Тайваниас гаралтай энэ спорт манай улсад нутагшихад сонирхож хичээллэдэг залуусын авьяас, ур чадварыг хөгжүүлэн, ХААИС-д “Залуу од” клуб байгуулж, мэргэжлийн тамирчнаар бэлтгэсэн дасгалжуулагч бол ОУХМ Ж.Загас. Тус сургуулиас одоогийн байдлаар 36 тамирчин спортын цол хүртсэнээс найм нь ОУХМ, 13 нь спортын мастер, 15 нь спортын дэд мастер, 10 нь I зэрэгтэй аж.
Тэрбээр шавь нараа тэмцээнтэй үед нь хичээл, шалгалт шүүлгийг нь зохицуулж, бэлтгэл хэрхэн хийсэн, хэр нойртой, амарч хоносныг хүртэл шалгана. Гэхдээ тэдэнд тулгардаг бэрхшээл олон. Тамирчид гадаадын тэмцээнд оролцохдоо зардлаа өөрөө даана. Гэр бүлийнхээ санхүүгээс энэ бүхнийг тусад нь гаргах амаргүй. ХААИС-ийн удирдлага тамирчдын зардлын талыг даадаг ч үлдсэнийг нь олохоор ах дүү, найз нөхөд, таньдаг хүмүүстэйгээ уулзахаар хэдэн тийш гүйнэ. Түүнд нөхөр нь хааяа “Чи ингэхэд цалин авдаг хүн үү. Байр авах хэмжээний мөнгө тэмцээнд зориуллаа шүү дээ” хэмээн хэлдэг аж. Хэрвээ түүнийг гэр бүл нь ойлгож, дэмжээгүй бол модон бөмбөгийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулж, амжилтад хүргэхгүй л байсан болов уу.
БНСУ-ын Жэжү хотод 2016 оны тавдугаар сард модон бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад түүний удирдлагад оролцсон эмэгтэйчүүд багийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм. Харин нэг цохилтоор хаалганд бөмбөг оруулах тамирчдыг шалгаруулахад тэрбээр түрүүлж, алтан медаль гардсан. Тэр жилийн аравдугаар сард Тайваний Тайпэй хотод оюутны ДАШТ болоход Монголын эрэгтэйчүүдийн баг хүрэл медаль хүртсэн бол холимог хосын төрөлд Б.Баянбулаг, Г.Мягмарсүрэн нар аваргын төлөө Тайландын тамирчидтай өрсөлдөж, дэд байрт шалгарсан юм. Спортод амжилт гаргахад тэвчээр, мэдрэмж, туршлага их нөлөөлдөг. Спортын ертөнцөд аз тохионо гэдэг ховор. Тамирчин хүн бие, сэтгэл зүйгээ сайтар бэлтгэж, хурд, хүч, тэвчээр хатуужил, авхаалж самбаа, уян хатан чанарыг түрүүлж эзэмшиж байж амжилт гаргадаг. Аль нэг нь дутвал зорилгодоо хүрэхгүй, хоосон хоцрох ч энүүхэнд. Манай улсын тамирчдад амжилт гаргах чадвар бий. Тэднийг туршлага хуримтлуулахад хамгийн их хэрэг болдог зүйл бол тоглолтын талбай. Талбайтай болчихвол сонирхогчид ч хичээллэснээр мэргэжлийн тамирчин болох боломж нээгдэнэ. Гадаадын тэмцээнд оролцох шигшээ багийнхан зүлэгтэй газар олохоор бөмбөг, цохиураа үүрээд л эрэлд гардаг нь худлаа бус. Энд тэнд очиж, хамгаалалтын албаныханд нь хөөгдөн туугдан бэлтгэл хийж, хилийн дээс цөөнгүй алхжээ.
Энэ спорт Азийн орнуудад хэдийн хөгжсөнөөр Тайвань, Тайланд, Индонез, БНСУ бөмбөг, цохиур үйлдвэрлэж байна. Тамирчид ч чанартай, стандартад нийцсэн бөмбөг, цохиурыг олон улсын тэмцээнд ашигладаг болсон. Тэмцээний үед ашиглах зориулалтын хэрэгсэл, материал чамгүй өндөр өртөгтэй. БНСУ (Өмнөд Солонгос) модон бөмбөг (woodball) болон бадминтоны хэрэгсэл үйлдвэрлэдэг орнуудын нэг тул тус улсын компаниуд технологийн дэвшил, материалын чанарт анхаарч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бат бөх цохиур, бөмбөгийг зах зээлд нийлүүлдэг аж. Тэрбээр энэ талаар “Жэжүд болсон тэмцээний үеэр бөмбөг маань хагарчихлаа. Шүүгчид учраа хэлээд бөмбөг худалдаж авахаар гүйв. Тэгтэл нэг бөмбөг 25 ам.долларын үнэтэй. Сандраад зогсож байтал манай нэг тамирчин өөрийн илүү бөмбөгийг өгснөөр тэмцээнээ үргэлжлүүлсэн. Модон бөмбөгийн цохиурыг зандан модоор хийдэг. Бид хамгийн сүүлд Индонезод үйлдвэрлэсэн бөмбөг, цохиур худалдаж авсан. Тоглолтын явцад тамирчдын бөмбөг хагарч, цохиур хугарах тохиолдол гардаг. Сайн цохиур худалдаж авбал нэг хэсэгтээ л тэсдэг юм. Манайхан чулуу хайргатай зүлгэн дээр бэлтгэл хийдэг болохоор бөмбөг нь амархан хагардаг. Тэмцээний зохион байгуулагчид тоглолт эхлэхээс өмнө оролцох орнуудын тамирчдын бөмбөг, цохиурыг шалгадаг юм. Тэд манайхны халцарчихсан бөмбөгийг гайхаж харснаа, хэд эргүүлээд тавьчихна. Гэхдээ бид энэ бүхнийг бэрхшээл гэж боддоггүй. Манай тамирчид оюутан, насанд хүрэгчдийн ДАШТ, Дэлхийн цом, Азийн АШТ-д чамлахааргүй амжилт гаргасан шүү. Гадаадын тамирчдын орчин нөхцөл, тав тухыг харчихаад Монголд ийм талбайтай болох сон гэж мөрөөддөг дөө” хэмээн өгүүлэв.
Шавь нар нь дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтжээ
2014 оноос хойш эмэгтэйчүүдийн багаас ОУХМ Б.Оюунтуяа амжилтаараа дэлхийн шилдэг тамирчдын 20, эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан VI байрт жагсав. Азиас Индонез, Тайланд, Тайваний шигшээ баг эхний гурван байрт эрэмбэлэгддэг ч сүүлийн үед Уганда улсын тамирчдын ур чадвар дээшлэн, олон улсын тэмцээнд хүч түрэн орж ирэх болсон нь тоглолтын уур амьсгалыг өмнөхөөс нь илүү өрсөлдөөнтэй болгожээ. Дасгалжуулагчийн хувьд тэрбээр тамирчдадаа “Та нар дэлхийн хэмжээнд өрсөлдөж байна. Хамгийн гол нь сэтгэл зүйгээ сайтар бэлд, орчинтойгоо зохицож сур. Тэмцээний үед тулгардаг нэг бэрхшээл бол хэл. Тиймээс хэлний мэдлэгээ дээшлүүл” гэж зөвлөдөг байна. Модон бөмбөгийн дасгалжуулагчид спортын сэтгэл зүйчидтэй хамтран ажиллаж, сургалтад нь тамирчдаа хамруулдаг болжээ. Монголын тамирчид тэсвэр хатуужилтай нь тэмцээний явцаас харагддаг аж. Шүрүүн бороо ороход гадаадын тамирчид тэмцээнээ орхиод гүйхэд манайхан тоглож л байдаг гэнэ. Шавь нараас нь Б.Баянбулаг дээд сургуулиа төгсөхдөө “Модон бөмбөгийн спортыг хөгжүүлэх боломж, үр дүн” сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр эл спортын төрлөөр судалгааны ажил эхэлж хийсэн нь нийтийн биеийн тамирыг эх орондоо хөгжүүлж буй мэргэжилтнүүдийн анхаарлыг ихэд татсан гэдэг.
Энэ спортод хүүхдүүдийг хэдэн настайд нь бэлтгэдэг юм бэ гэхэд “Модон бөмбөгийн тамирчид 9-14 настайдаа ДАШТ-д оролцдог. Азийн орнууд тамирчдаа багаас нь бэлтгэдэг юм билээ. Бид тоглолтын талбайгүй тул сургуулийн хүүхдүүдээс мэргэжлийн тамирчин бэлтгэж чаддаггүй. Учир нь бэлтгэл хийх талбайгүй, дээр нь бөмбөг, цохиур авах мөнгөгүй. Монгол Улс одоогоор насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багтай. Энэ спорт тамирчдаас тэсвэр хатуужил, туршлагатай байхыг маш их шаарддаг. Гадаа талбайд халуун, хүйтэн, бороо, салхитай гээд байгалийн ямар ч нөхцөлд бэлтгэлээ хийдэг. Хүүхдүүд сонирхож, хичээллэхээр ирдэг ч шантарч буцах нь их. Саад бэрхшээлийг даван туулж чадсан нь тамирчин болдог юм шүү дээ. Спортоор хичээллэхэд давуу тал бий. Амьдралд хөл тавихад зөв хүн болж төлөвшинө. Ямар нэгэн байгууллагад ажилд ороход нэр хүндийг нь спортын амжилтаар өргөж явна. Спортын цол, зэргээс хамаараад цалин нь нэмэгдэлтэй. Сүүлийн үед албан байгууллагууд ажилтан шалгаруулж авахдаа спортоор хичээллэдэг, эсэхийг нь харгалздаг болсон. Би шавь нартаа “Тамирчин хүн олон талын авьяас, чадвартай байх ёстой. Та нар аль нэг байгууллагад орсон ч хамт олондоо сурсан зүйлээ заагаарай” гэж захидаг юм” гэснээр бидний ярилцлага цааш өрнөсөн юм.
Түүний судалгааны ажил пара спортын анхны архив болсон юм
Тэрбээр модон бөмбөгөөс гадна волейболын хоёр төрөлд олон жил тоглосон. Спортын гурван төрөлд ОУХМ цол хүртсэн цөөн тамирчны нэг. Пара спортын төрлүүдийг хөгжүүлэхэд мэргэжлийн шүүгч, мэдлэг, чадвартай багш дасгалжуулагч чухал үүрэгтэй. Түүнийг суугаа волейболын эмэгтэйчүүдийн багийг 2014-2015 онд дасгалжуулахад Ази тивд чансаагаараа IV байрт жагсжээ. Түүнээс хойш тамирчдын амжилт буурсан нь холбоод бие дааж, тусдаа үйл ажиллагаа явуулдагтай холбоотой аж. Спортын төрлүүдэд шигшээ бүрдүүлэх тийм ч хэцүү биш. Харин суугаа волейболын баг бүрдүүлэхийн тулд тамирчин олох маш хэцүү. Хүн олсон ч сэтгэл зүй нь маш эмзэг хүлээж авдаг тул сайтар ойлгуулж, сэтгэл зүйчээс дутахгүй ярилцдаг байна. Тиймдээ ч 2019 онд “Монголын паралимпийн байгууллагын хөгжлийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Энэ бол түүний олон жил хийсэн судалгааны ажил. Монголд пара спортын холбоод байдаг ч тулгамддаг нэг асуудал нь ангилал юм. Тухайн тамирчны гэмтлээс хамаарч, ангилал нь өөр байдаг. Манай улсад пара спорт ямар менежменттэй урагшилж буй болон баг, тамирчдынх нь амжилт ахихгүй, хувийн спорт яагаад хөгжих болов, ямар ангилал, бүтэц зохион байгуулалт хийвэл үр дүнд хүрэх талаар багагүй судалжээ. Эл спортын талаарх түүх, дэлгэрэнгүй мэдээлэл манайд байдаггүй тул түүний судалгааны ажил пара спортын анхны архив болсон юм.
Түүнээс “Таныг “Монголын Даймацү” нэрээр алдаршсан Ц.Дагва-Очир дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийж, волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглодог байсан талаар сонссон” гэхэд “Тавдугаар ангийн сурагч байхдаа волейболоор хичээллэсэн. Тэр үед ОУХМ Б.Март багш бэлтгэл хийлгэдэг байлаа. Дараа нь Ц.Дагва-Очир багшийн удирдлагад шилжсэн. Тэд ЗХУ-ын Ленинград хотын биеийн тамирын дээд сургуульд хамт суралцаж төгссөн юм билээ. Тухайн үед багш Төмөр замын “Замчин” клубийн волейболын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийг хариуцдаг байсан юм. Би Монголын шилдэг дасгалжуулагчаар волейболын цагаан толгой заалгасандаа баярладаг. Тэрбээр өндөр шаардлага тавихаас гадна хатуу, чанга зантай хүн байв. Биднийг Японы дасгалжуулагч Хиробүми Даймацүгийн арга барилаар сургаж, орос сургалтын техникээр бэлтгэл хийлгэдэг байсан. Тамирчдаа өндөр шаардлагаар урагшлуулж, амжилтад хүргэдэг байсныг үе үеийн шавь нар нь одоо ч дурсан ярьдаг. Монголын волейболын түүхэнд багш минь шигшээ багийн тамирчдыг хэрхэн бэлтгэж, амжилтад хүргэж болдгийг заах арга барил, техникээрээ харуулсан. Багшийн үе үеийн шавь нар 1979-1989 он хүртэл УАШТ-д тасралтгүй түрүүлсэн. Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багт түүний өндөр шаардлагыг давж үлдсэн цөөн тамирчин байдаг. Тэдний нэг нь би. Бэлтгэл хийлгэхдээ долоо хоног, сар, улирлын төлөвлөгөө гаргачихна. Хөвгүүдийн дасгалыг охидоор, охидынхыг хөвгүүдээр хийлгэнэ. Бид заримдаа хатуу занд нь дургүй хүрч, бүр үзэн яддаг байлаа. Багш минь Монголын волейболын спортыг хөгжүүлэхийн төлөө өөрийгөө хайрлахгүй зүтгэсэн, амьдралаа ч харамгүй зориулсан. Түүний шавь нар одоо мэргэжлийн тамирчдыг бэлтгэж байна шүү дээ. Багш олон жилийн өмнө сонинд ярилцлага өгөхдөө биднийг “Тэсвэр хатуужлын их сургуулийн оюутнууд” гэж магтсаныг ер мартдаггүй юм. Түүний заасан бүхэн бидэнд үлдсэн болохоор би одоо ч шавь нартаа өндөр шаардлага тавьдаг” гэсэн юм.