Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж эхэлсний 61 жилийн ой өчигдөр тохиов. Төрийн үйл хэргийг ёслох, улс гүрнийг хүндэтгэхэд эгшиглэх БНМАУ-ын Төрийн дууллыг анх 1922 оноос С.Буяннэмэхийн үг, Тогтох тайжийн хүү Эрхэмбаярын ая “Монгол интернационал”- аар эгшиглүүлэх болжээ.
Ардын их хурлын 1948 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Ц.Дамдинсүрэнгийн үг, Б.Дамдинсүрэн, Л.Мөнхдорж нарын ая “БНМАУ-ын Төрийн сүлд дуулал” батлагдан 1950 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс анх орон даяар эгшиглэж эхэлжээ. Өнөөдрийг хүртэл үг нь гурван удаа, ая нь нэг удаа шинэчлэгджээ. 1961 онд Ц.Гайтав, Ч.Чимид нар үгийг шинэчилсэн боловч өөрсдөө нэрээ оруулахыг зөвшөөрөөгүй аж.
1977 онд эрдэмтэн Б.Ширэндэвийн санаачилгаар генерал Ёндонгийн даалгавраар хөгжмийн найрлагыг нь монголчилжээ. 1990 онд анхны үгээр нь дуулах болж, гурван бадгийн сүүлийн улстөржсөн хэсэг болон дахилтыг хасан хоёр бадагтай болгосон. 2006 онд дахилтгүйгээр дөрвөн бадагтай болгон 2006 оны долдугаар сарын 6-ны өдрийн УИХ-ын хуралдаанаар батлан мөн сарын 10-ны өдрийн УИХ-ын хүндэтгэлийн чуулганы нээлт дээр анх удаа эгшиглүүлсэн билээ.
Шагдарсүрэнгийн ЦЭНД