Сар шинийн өдрүүдэд цагдаагийн байгууллагынхан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлаа хийсээр байв. Тухайлбал, Цагаан сарын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн нутаг дахь алт, үнэт эдлэлийн дэлгүүрт хулгайч орж, их хэмжээний эд зүйл хулгайлжээ. Тус дүүргийн IV хорооны нутаг дахь “Korea jewelry” үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхыг тусгай зориулалтын багажаар эвдэн хулгайч орж, 56 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон ээмэг, бөгж, зүүлт хулгайлсан аж. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн болон цагдаагийн бусад байгууллагын ажилтнууд хамтран эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулснаар гэмт этгээдийг олж саатуулжээ. Уг хэргийг Ж.Б гэх, Хан-Уул дүүрэгт оршин суудаг 30 настай залуу үйлдсэн болохыг НЦУГ, дээрх цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчид илрүүлэн гэрээс нь саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй гэнэ.
Г.Орчлон