Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутагт, Циркийн баруун урд хэсэгт шинээр барьж буй барилгын краны сум “Ub residense” хотхоны дээврийг мөргөсөн осол уржигдар гарсан юм. Улмаар Онцгой байдлын алба хаагчид ажиллаж, краныг бэхлэн аюулгүй болгосон байна. Ослоос үүдэн хүн бэртэж гэмтээгүй ч айлын цонх хагарч, барилга тэр чигтээ цахилгаангүй болсон аж.
Тус хорооллын оршин суугчид өдгөө цахим орчинд “УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “Камдер” компани “Автобус-III” баазын газрыг 2021 онд 24 тэрбум төгрөгөөр нийслэлээс албан ёсоор худалдан авсан. Улмаар “Энканто” хотхоны ээлжит төслийг хэрэгжүүлж байгаа. Гэвч хууль зөрчиж, 22.00 цагаас хойш хотын төвд чанга дуу чимээ гаргаж, барилгын ажлаа үргэлжлүүлдэг. Ингэж оршин суугчдын тав тухыг алдагдуулаад гурван жил боллоо. Уг нь бид шаардлага тавьдаг ч огт биелүүлдэггүй” гэх зэргээр бухимдлаа илэрхийлсээр байгаа юм.
Түүнчлэн ачаа өргөх краныг аюулгүй ашиглах дүрэм зөрчсөнөөс осол гарсан байж болзошгүй гэнэ.
У.Цэцэг