Төв аймаг Өндөрширээт сумын нутаг, Талын-Уул гэдэг газарт орон нутгаас нийслэл рүү хүн тээвэрлэж явсан түргэн тусламжийн автомашин, Завхан аймгийг зорьсон зорчигч тээврийн автобустай мөргөлдөж, зургаан хүн нас барлаа.
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо энэ осол гарсан бөгөөд Баянхонгор аймгаас хүнд өвчтөн тээвэрлэж явсан “Тоёота хаис” загварын тээврийн хэрэгслийн жолооч тусгай дуут болон гэрэл дохиогоо ажиллуулан урсгал сөрж гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ “Киа гранбирд” загварын 45 хүний суудалтай автобустай мөргөлдсөн аж. Ослын улмаас түргэн тусламжийн машинд зорчиж, хүнд өвчтөнөө нийслэлд хүргэхээр явсан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Ж.Х болон жолооч Б.Э тэргүүтэй зургаан хүн газар дээрээ нас барсан байна. Нас барсан хүмүүсийн дотор хоёр хүүхэд байсан гэнэ. Харин ослоос амьд үлдсэн хоёр хүүхдийг өдгөө ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь хүнд гэдгийг эмч нар хэлэв.
Уг нь Замын хөдөлгөөний дүрэмд “Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7-8 дугаар бүлэг (зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад), 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1-2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино” гэж заасан байдаг. Түргэн тусламжийн автомашины жолооч Б.Э-ын хувьд 14 жил ийм тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай нэгэн байсан гэнэ. Их эмч Ж.Х-ын хувьд 1994 оноос эрүүл мэндийн салбарт ажиллаж эхэлсэн, туршлагатай эмч байжээ.
Г.Орчлон