Монголын хөл бөмбөгийн холбоонд үүсээд буй асуудлыг шалгах түр хороог уржигдар татан буулгасан бөгөөд ажлын хэсгийнхэн өчигдөр дүгнэлтээ танилцууллаа. Тус холбооны эмэгтэй дэд ерөнхийлөгч И.Сарангэрэл “Гишүүн байгууллагатай хийсэн худалдах, худалдан авах гэрээнүүдийг хянахдаа хайнга ханджээ. Тэвчиж болох зардлыг хянаагүй. Тиймээс Удирдах зөвлөлийг шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай. Мөн холбоонд учирсан хохирлыг тэд нөхөн барагдуулах ёстой. Удирдах зөвлөлийн мэдээллийн хаалттай байдлаас үүдэлтэй эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Хэдийгээр би холбооны их хурлын үеэр эмэгтэй дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон ч ийм сэтгэлгүй, чадваргүй Удирдах зөвлөлд цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлгүй байна” гэсэн юм.
Мөн Олон улсын, Азийн хөл бөмбөгийн холбооны санхүүжилт олгох журмыг хэд хэдэн удаа зөрчсөн нь банкны гүйлгээгээр баталгаажсан гэнэ. Ингэхдээ түр хорооныхон тус холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Дагвадорж болон түүний гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий хүнийг буруутгаж, хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтэйгээ илэрхийллээ. “Ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Дагвадорж холбооны ажилтнуудын цалинг урьдчилж авсан тохиолдол ч бий. Холбооны сүүлийн нэг жилийн хугацааны гүйлгээг шалгахад түүний хамаарал бүхий хүнд л гэхэд 222 сая төгрөг зарцуулсан байна. Мөн Т.Дагвадоржийн хувийн данс руу урамшуулал гэж 47 сая төгрөг олгожээ. Олон улсын хөл бөмбөгийн холбооны дүрэмд тус холбооны хуралд суусны төлөө урамшуулал олгохгүй гэж тусгасан. Гэтэл холбооны удирдлагаар тухайн үед ажиллаж байсан гурван хүнд Олон улсын хөл бөмбөгийн холбооны хуралд суусных нь төлөө тус бүр 1000 ам.доллар олгосон. Бас гадаадын томилолтуудад явсан хүмүүсийн хувийн данс руу 53 сая төгрөг шилжүүлжээ. Мөн нэг хүнээс 100 сая төгрөг зээлээд, жилийн дараа 194 саяыг эргүүлэн төлжээ” хэмээн түр хорооныхон дүгнэлтдээ дурдсан юм.
Түүнчлэн тус холбооны зөвлөлийн хурал уржигдар болж, ээлжит бус их хурлыг ирэх сарын 28-нд хийхээр товлосон байна. Уг хурлаараа холбооны ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн зарим гишүүнийг шинээр сонгох аж.
А.Дөлгөөн