Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)ноос өчигдөр төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа. “Шударга хөдөлмөр-шударга нийгмийн төлөө” уриатай энэхүү жагсаалыг Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан хийснээрээ онцлогтой. МҮЭХ-ны нийслэл, орон нутаг дахь салбарын идэвхтэн сонгуультнууд жагсаалд оролцож, ард иргэдийг шударга нийгмийн төлөө, хүний эрхийг дээдэлдэг улс оронтой болохын тулд, хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө үргэлж тэмцэж, үг, үзэл бодол, дуу хоолойгоо цаг ямагт илэрхийлж байх ёстойг сануулав.
Дэлхийн 140 гаруй улс орон жил бүрийн энэ өдөр хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болон ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай. Манай улс уг өдрийг 1989 оноос өмнө “Майн баяр” хэмээж, жил бүр Сүхбаатарын талбайд цуглан тэмдэглэдэг байжээ. Харин ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ард иргэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэх болсон байна. “Шударга хөдөлмөр-шударга нийгмийн төлөө” тайван жагсаалын үеэр МҮЭХ-ны Залуучуудын хорооны төлөөлөл “Залууст эх орондоо хөдөлмөрлөж, сайхан амьдрах боломж дутмаг байна. Тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэлэхэд хамгийн түрүүнд ажлын байрны нөхцөлийг сайжруулах, дарамт, хүчирхийлэлгүй байх, нийгмийн хамгааллыг баталгаатай болгох гэ¬дэгт санал нэгдсэн” гэсэн юм. Тэгвэл тус холбооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Рагчаа “Монголд ажлын байрны баталгаа алдагдсан.
Засаг төр солигдох бүрд бүх салбарт улс төрийн томилгоо хийгдэж, мэргэжлийн бус хүмүүс удирдах болсноор мэдлэг, ур чадвартай боловсон хүчин ялангуяа төрийн байгууллагуудаас дайжих болсон. Энэ талаараа ч бид эрх баригчдад тодорхой санал, шаардлага хүргүүлсээр ирсэн. Төр гэвч нийгмийн түншлэлийнхээ үүргийг биелүүлэхгүй байна. Иймд бид хөдөлмөрчдийн цалин хөлс, бодит орлогыг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийн албан татварыг хөнгөлөх, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийх зэрэг шаардлага хүргүүлж байна. Шаардлагын хариуг энэ сарын 15-ны дотор өгөхгүй, хэрэгжүүлэхгүй бол хуулийн хүрээнд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэв.
О.Оргилох