Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Ананбазарыг сонгосонд эгдүүцсэн тамирчин, спорт сонирхогч, олон нийтийн эсэргүүцэл одоо ч үргэлжилсээр. Дээд лигт оролцдог баг, клубүүдийн дасгалжуулагч, эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид дээрх сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаж, үзэл бодлоо илэрхийлсэн. Сонгуулийн санал хураалтаас эхлээд их хурал өндөрлөтөл өрнөсөн хэл ам эгээтэй л улс төрийн сонгуулиас дутахааргүй дуулиан шуугиан дагуулж байна. “Ийм олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байж, энэ холбоог хойшид яаж удирдах юм бол. Тамирчдын хувь заяа, амжилт хаашаа эргэх нь тодорхойгүй болох нь. Хэл ам татлахгүй сайн дураараа холбооны ерөнхийлөгчийн албаа өөр хүнд шилжүүлээд зангарагтайхан шиг явчихмаар даа. Спортын салбараас улс төрчид холхон байвал зүгээр сэн” гэх зэрэг шүүмж цөөнгүй байна. Тэмцээнд оролцохгүй удах нь тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлнө. Жилээс жилд ур чадвараа ахиулж буй тэд өөрийгөө золиослоод ч болов Монголын хөл бөмбөгийн ирээдүй, хөл бөмбөгт дуртай залуусын төлөө хийж буй шударга тэмцэл гэдгийг онцлоод буй. Монголын хөл бөмбөгийн тоглогчдын холбоо болон “Очир” лигийн зөвлөл хамтарсан ажлын хэсгээс Ц.Анандбазарыг эсэргүүцэж, суулт зарлахаар болжээ. Тэд Ц.Анандбазарыг огцруулах, дүрмийн шинэчлэл хийж, ээлжит бус хурлыг дахин зарлаж хуралдуулах шаардлага тавьсан юм. Хэрвээ энэ шаардлагыг нь хүлээж авахгүй бол тодорхойгүй хугацаагаар суулт хийхээ мэдэгдсэн.
Г.Бат