Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун-ы охин Ким Чу Э сүүлийн үед эцгийнхээ хамт олны нүдэнд харагдаад байх болсон нь анхаарал их татаж байна. Эндхийн хэвлэлд түүнийг дарангуйлагчийн хамгийн хайртай хүүхэд нь гэж бичих болжээ. Түүгээр ч барахгүй Умард Солонгосын удирдагчийн залгамжлагч, эцгийнхээ суудалд очсон байхыг бид үзэх болно гэлцэх болсон байна.
БНАСАУ-ын одоогийн удирдагчийн хувийн амьдралын талаар 2012 онд төрийн телевиз нь анх мэдээлсэн байдаг. Ийнхүү Ким Жөн Ун гэргийтэй, түүнийг нь Ли Соль Чу гэдэг, тэд харилцаагаа 2009 онд хууль ёсны болгосон, 2012 онд охинтой болж, Ким Чу Э гэж нэрлэсэн нь тодорхой болсон юм. Тэгэхдээ энэ мэдээллийг албан ёсоор нотолсон юм байхгүй
Ким Чу Э охин 2022 оны арваннэгдүгээр сард тив хоорондын “Хвасон-17” пуужинг туршихад эцгийн хамт олны өмнө анх гарч иржээ. Долоо хоногийн дараа эцэгтэйгээ дахин харагдав. Тэгэхэд л “хамгийн хайртай”, “хамгийн үнэ цэнэтэй” хүүхэд гэх үгс хэвлэлд үзэгдэж эхэлжээ.
Ким Жөн Уны хувийн амьдралын тухайд мэдээлэл тун ховор, Умард Солонгосын албан ёсны эх сурвалжууд нууцалдаг болохоор байгаа цөөн нь шинжээчдийн ажиглалт, таамаглал төдийгөөс хэтрэхгүй. 2024 оны арванхоёрдугаар сард удирдагчийн охин мөн л тив хоорондын хатуу түлшит “Хвасон-18” баллистик пуужин туршихад очсон байв. Өмнөх сард нь тагнуулын зориулалттай “Маллиген-1” дагуулыг тойрог зам руу хөөргөхөд аав, охин хоёр оччихсон л байж. Ким Жөн Ун эрх мэдлээ бүрэн шил¬жүүлэх цаг ирэхэд иргэд, олон түмнээ гайхахгүй байлгах гэж охиноо ийм байдлаар “танилцуулаад” байгаа юм гэж шинжээчид үзэж байна. Ким Жөн Ун гарын үсэг зурсан Солонгосын хөдөлмөрийн намын Цэргийн төв комиссын тушаалаар мина зөөгч (эсминец) таван мянган тонн багтаамжтай усан онгоцыг өнгөрсөн сарын 25-нд усанд тавихад ч Ким Жөн Ун охинтойгоо очжээ. Уг хөлгийг 400 хоногт бүтээсэн аж. Энэ үйл явдлыг маргааш нь телевизээр харуулахад Умард Солонгосын удирдагчийн эгч Ким Ё Чон хоёр хүүхдийн хамт бас очсон байв. Энэ ёслолд очсон Ким Чу Э өнгөрсөн онд Тэнгисийн цэргийн хүчний командлал дээр эцэгтэйгээ хамт очихдоо өмссөн байсан цагаан өнгийн хүрэм, хар өмдтэй зогсож байжээ.
Пуужин туршихаас аваад цэргийн парад дээр хүртэл эцгээсээ салахгүй хамт яваад байгаа энэ жаахан охин Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын үзэж буйгаар залгамжлагчаа болгохоор Ким Жөн Уны бэлтгэж буй хүн юм байна. Албан ёсоор Ким Жөн Уны ч, гэргийнх нь ч, хүүхдүүдийнх нь ч төрсөн огнооны талаар мэдээлэл түгээдэггүй боловч харсаар байтал Ким Чу Э хэмээх энэ охины нас 10-аас хэтрээгүй гэлтэй. БНСУ-ын Нэгтгэх яамны сайд Ким Ён Хо хэвлэлийн бага хурал дээр “Дотоодын нарийн төвөгтэй байдлын улмаас эрх мэдлийг залгамжлуулахаар төлөвлөж буйгаа харуулахыг яаравчилж буйг нь Ким Жөн Уны охинд тавьж байгааг байнгын анхаарал харуулж байна гэж үзэж болно” хэмээн хэлсэн байна. Чу Э-г Кимийн хайртай охин хэмээн албан ёсоор нэрлэдэг байснаа одоо “хүндэт” хэмээн дээдлэх болов гэж Умард Солонгосыг хөндлөнгөөс ажиг¬ла¬даг хүмүүс тэмдэглэх болжээ. Энэ нь гүн хүндэт¬гэлтэй хандлага бөгөөд Ким Жөн Ун-ыг улс орныхоо ирээдүйн удирдагч хэмээн эр¬гэлт буцалтгүйгээр тодорхойлсны дараа “хүндэт нөхөр” хэмээн авгайлах болсон байдаг
Кимийнхний судсаар бараг л бурхны цус гүйдэг, улс орноо жолоодохыг дээрээс зурчихсан юм гэх ойлголтыг Умард Солонгосын иргэдэд хорвоод мэндэлсэн өдрөөс нь суулгадаг аж. Тийм болохоор одоогийн удирдагч өөрөө нас залуу ч уламжлалыг үргэлжлүүлж Кимийн дөрөв дэх үеийг улсынхаа залуурын ард суулгахаар бэлтгэж буйд эргэлзэхгүй байж болно. Эцгийн эрхт ёстой Умард Солонгосын нийгэмд гүнзгий бэхжиж тогтсон удирдах албан тушаалд эмэгтэй хүн байхыг ер таашаадаггүй уламжлалыг Ким ийн гэтлэхийг зорьж байхыг үгүйсгэхгүй. Тэгээд охиноо ийм бага балчир наснаас нь олны өмнө гаргаж ирэх болоод байгаа ч юм бил үү.
Ким Чу Э охин 2012 оны эцэс, 2013 оны эхээр төрсөн гэж үздэг. Учир нь түүний эх Ли Соль Чу 2012 оны туршид олон түмний нүдэнд харагдаагүй, хэвлэлд ч зураг нь гарч байгаагүйг жирэмсэн байсантай нь холбож үздэг. Ким Жөн Унтай ойр дотно харилцаатай байдаг Америкийн сагсан бөмбөгч Деннис Родмэний ярианаас энэ охиныг Чу Э гэдэг нэртэй болох нь тодрхой болжээ. Тэрбээр “Чу Э-г гар дээрээ өргөж байв” гэж 2013 оны есдүгээр сард ярьсан байна. Ким Жөн Уны охиныг олон түмний өмнө ийн ойр ойрхон харуулаад байгаа нь Кимийн гэр бүлийнхнийг хэмжээгүй эрхт хаант засгийн төлөөлөл мэт дүр зургийг бүр бэхжүүлж, өндөр албаны хүмүүсийн дундах дотоод өрсөлдөөнд өгч буй хариу гэж зарим судлаачид үзэж байна. Нөгөө хэсэг нь эцгийн халааг авах хүнээр Ким Чу Э сонгогдож, БНАСАУ-ын түүхэнд дээд удирдагчийн суудалд залагдах анхны эмэгтэй болж магадгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Арваннэгдүгээр сард хөөргөсөн пуужингийн дурсгалд зориулж 2023 оны хоёрдугаар сарын 15-нд Ким Чу Э-гийн дүрс бүхий марк гаргаж байв. Хоёрдугаар сарын 18-нд Ким Чен Ирийн төрсөн өдрийг тэмдэглэхэд охин нь эцгийнхээ хамт байж, есдүгээр сарын 9-нд БНУ-ын 75 жилийн ойд зориулсан цэргийн парад дээр ч мөн цуг байхыг нь олон түмэн харсан байна. 2024 оны нэгдүгээр сарын 1-нд Шинэ жилийн баяр болоход Ким Чу Э эцэгтэйгээ хамт зогсож л байв. 2025 оны зургаадугаар сард нээгдэх эрэг орчмын аялал жуулчлалын “Вонсам-Кальма” бүсэд өнгөрсөн оны эцсээр эцгээ дагаад очсон л байлаа.
Ким Чу Э-д 2010 онд төрсөн ах, 2017 онд мэндэлсэн дүү бий юм. Чу Э гэсэн нэртэй хүүхдүүдийн нэрийг албадан солиулж байна гэж “Radio free Asia”-гаас эш татан “The Korea times” сонин мэдээлсэн байх юм. Нэрээ хэ-лээгүй эх сурвалж ийм мэдээлэл тус сонинд уламжилжээ. Тэдний хэлснээр хүний хувийн бичиг баримтад өөрчлөлт хийхийг шаардсан холбогдох шийдвэрийг Чонду, Пхенсон хотуудын эрх барих байгууллагууд гаргасан байна. “Аюулаас хамгаалах яам Чонду хотын Чу Э нэртэй эмэгтэйчүүдийг бүртгэж аваад нэрээ өөрчлөхийг шаардсан байна лээ” гэж эндхийн нэг хүн ярьсан байв. Умард Солонгосын охинтой ижил нэртэй 12 настай охины эцэг, эхийг төрсний гэрчилгээ шинээр авахыг тушаажээ.
Арван настай л болов уу гэж таамаглаад байгаа Ким Чу Э нь Ким Жөн Уны гурван хүүхдээс олон түмний мэдэх болсон цор ганц хүүхэд нь юм. Саявтар тэрбээр Засгийн газрын дээд албан тушаалтнуудыг оролцуулж хийсэн дайллагад хүрэлцэн очиж генералуудтай хамт зургаа авахуулжээ. Жөн Ун нэртэй хүний нэрийг солих шийдвэрийг 2014 онд гаргаж байсан удаа бас бий. Энэ захирамжийг биелүүлэх, эсэх нь “сайн дурынх” байсан ч удирдагчийн тушаал гарсан л бол түүнийг хэрэгжүүлэх, эсэх нь сайн дурын хэрэг биш байдгийг бид мэдэх билээ гэж “Rand corporation” төвийн ажилтан Су Ким хэлж байна. Эрх баригчдын мэдэгдсэнээр Чу Э гэдэг нэр одоо “хамгийн өндөр дээд нэр төр” боллоо гэж “The Insider” сонин мэдээлжээ. Мусан хотын Сурагчдын ордонд ирсэн хүүхдүүд гадаад байдлаараа Ким Жөн Уны охин Ким Чу Э-г дууриах нь шинэ дүр төрх болж буй гэнэ. Хүүхдүүд албан ёсны сурвалжлага, нэвтрүүлгээс олж харснаараа Ким Жөн Уны охины үс, гэзэг, хувцас хунарыг “хуулах” болсон байна. Тэдний зарим нь “Би түүн шиг хувцасласан” гэж хэлэхдээ баярлаж, бахархаж байгаа нь илт, түүгээр ч барахгүй хэн түүнтэй илүү төстэй болж вэ гэдгээрээ өөр хоорондоо өрсөлдөх болсон аж. Чу Э олны өмнө гарч ирэхдээ өмсөж байсан савхин хүрэм, урт өмд “өргөн хэрэглээний бараа” болсон байна. Гэтэл удирдагчийнхаа гэр бүлтэй ижилсэх гэж оролдохыг Умард Солонгост улс төрийн хувьд осолтой гэж үздэг тул эцэг, эхчүүд эмээх болсон байна. Гэлээ ч өсвөр настнуудын ихэнх нь, ялангуяа өндөр албаны хүмүүсийн хүүхдүүд эцэг, эхийнхээ үгэнд ордоггүй. Түүнчлэн энгийн сургуулиудыг бодвол Сурагчдын ордонд хүүхдүүдийн гадаад өнгө төрхөд төдийлөн ан¬хаарал 2023 оны арванхоёрдугаар сарын 1 тавьдаггүй юм байна.
Р.Жаргалант