Хотын төвөөс 130 орчим км-т оршдог Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн хоёр автобус үйлчилгээнд явж эхэлжээ. Тодруулбал, Х:17 чиглэлийн автобус Баянзүрх дүүргийн “Тэнгэр плаза” худалдааны төвөөс 08.30, 11.30, 14.30, 17.30 цагт хөдөлж, Багануурын “Хэрлэн” төв хүртэл зорчих аж. Эл замыг хоёр цаг 30 минут орчим хугацаанд туулна гэж төлөвлөжээ. Мөн автобусууд дээрх цагт Багануураас Улаанбаатар луу хөдөлж, 11.00, 14.00, 17.00, 20.00 цагт “Тэнгэр плаза” худалдааны төвд ирэх юм байна. Өдөрт дөрвөн удаа рейс хийх бөгөөд “Тэнгэр плаза”, Баянзүрхийн шалган бүртгэх товчоо, “Налайхын дунд-2”, “Налайхын дунд-1”, Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сум, Багануур II хороо, “Хэрлэн” худалдааны төв, 25 дугаар байр, “Ахиц-2”, “Жаргалант-2”, “Жаргалант-1” болон Жаргалантын эцсийн зогсоол, “Байдлаг-1”, “Эрин” сургууль, “Тогос Уул-нэг” болон эцсийн зогсоол гэсэн маршрутаар зорчих аж. Автобусны тасалбарын үнэ хүүхэд 5000, том хүн 10 000 төгрөг байна. Хэд хоногийн өмнө Багахангай дүүрэг рүү автобус үйлчилж эхэлсэн бөгөөд ингэснээр алслагдсан бүх дүүрэгт хот хоорондын нийтийн тээвэр зорчдог боллоо.
Ч.Болор