Олноо “Фронт” хэмээн алдаршсан, эдүгээ 102 насыг зооглож буй С.Цэгмидийн амьдралын тухай өгүүлэх “Фронт Цэгмид” баримтат киног уржигдар олны хүртээл болголоо. Тэрбээр дэлхийн II дайны хүнд хэцүү цаг үед хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагаа, харил¬цан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж, монголчуудын сэтгэлийн бэлэг, тусламжийг ЗХУ руу хүргэлцэж явсан нэгэн билээ. Тодруулбал, С.Цэгмид 1942 онд 19 настайдаа Монголын ард түмнээс ЗХУ-ын армид бэлэглэсэн “Хувьсгалт Монгол” танкны бригадыг хүргэж өгөх бүрэлдэхүүнд багтаж байв. Түүний амьдралын тухай өгүүлэх эл уран бүтээлийн найруулагчаар Олег Юмов ажиллаж олны хүртээл болгосон нь энэ аж. С.Цэгмид киноныхоо нээлтийн үеэр ЗХУ-д монголчуудын бэлгийг хүргэхэд оролцож, И.Сталинтай уулзан, гар барьж явснаа онцолсон юм. Тэрбээр Москвагийн Улаан талбайд энэ сарын 9-нд болох Ялалтын баярт В.Путины урилгаар оролцох гэнэ. Мөн энэ үеэр Аугаа эх орны дайнд ялсны 80 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмэн “Фронт Цэгмид эв найрамдлын бэлгэ тэмдэг” үзэсгэлэнг Оросын соёл, шинжлэх ухааны төвд дэлгэсэн юм. Үзэсгэлэнд эх орны дайны үед монголчуудаас Зөвлөлтийн арми, ард түмэнд халуун сэтгэлээр тусалж байсан тухай түүхэн баримтууд, 150 гаруй гэрэл зураг, бодит үзмэрийг олны хүртээл болгов. Эл үзэсгэлэнг 1941-1945 онд Ховд аймгийн Манхан сумаас ЗХУ-ын Бийск хот хүртэл 2700 км замыг 1000 гаруй тэмээгээр туулж, монгол түмний тусламжийн бэлгийг хүргэж өгсөн талаарх өмнө нь олны хүртээл болгож байгаагүй шинэ баримтад тулгуурлан дэлгэжээ. Мөн эд өлгийн зүйлсийг 3D хэлбэрээр зохиомжлон үзүүлж буйгаараа онцлогтой юм. Дайны эхний өдрөөс Монголын ард түмэн “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” уриан дор өдөр, шөнөгүй ажиллаж, “Хувьсгалт Монгол” танкны цуваа, “Монгол ард” нисэх эскадрил болон дулаан нэхий дээл, хоол хүнс, агт морьд, мал зэргийг буцалтгүй тусламж болгон Оросын ард түмэнд илгээж байжээ.
У.Цэцэг