Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд МУИС-ийн Номын сангаас Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан соёмбо бичгийн үзэсгэлэнг өчигдөр толилууллаа. Арга хэмжээний хүрээнд МУИС-ийн номын санд хадгалж байсан, соёмбо бичиг, Өндөр гэгээн Г.Занабазартай холбоотой номнуудыг олон нийтэд танилцуулав. Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон соёмбо бичгийг 1686 онд Өндөр гэгээн Г.Занабазар бүтээж байжээ. Өдгөө хэрэглээ нь монгол хэл шинжлэлийн эрдэмтдээр хязгаарлагдаж буй тул соёмбо бичгийн ач холбогдлыг таниулах зорилгоор тус сургуулийн оюутнуудын дунд илтгэлийн уралдаан зарлажээ. Эл уралдаанд Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн III түвшний оюутан Б.Анужин, Н.Отгонсүрэн нар “Соёмбо бичгийн талаарх бидний мэдлэг” сэдэвт судалгааны ажлаараа тэргүүлэв. Ташрамд дурдахад, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурханч лам М.Эрдэнэбилэг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн оюутнуудад нэг сар гаруйн хугацаанд соёмбо бичиг зааж буй аж.
А.Үүл