Владимир Путин Ерөнхийлөгчийн тангараг анх өргөснөөс хойш 25 жил болж буйд зориулж “Орос, Кремль, Путин, 25 жил” баримтат кино бүтээснийг Оросын төв телевизээр сая үзүүлжээ.
Энэ кино төрийн эрх барьсан өнөө хүр¬тэлх хугацааны нь үр дүн, Оросын түүхэнд тохиолдсон гол үйл явдлууд, тэдгээрт өөрийн эзлэх байр суурийн талаар Төрийн тэргүүн илэн далангүй ярих талбар болсон байна. Оросын Ерөнхийлөгч улс орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай асуултад хариулт өгч, Украинд хийсэн цэргийн тусгай ажиллагааны сэдвийг хөндөж, өөрийн үнэт зүйл, үзэл бодлынхоо тухай ярьж, амьдарлынхаа хийгээд Кремль дэх ажлынхаа урьд өмнө хүмүүст тодорхой болоогүй нарийн ширийн зүйлээс хуваалцжээ.
Украинд тусгай ажиллагаа явуулахыг Орос хүсээгүй, харин Донбасс дахь зөрчил тэмцлийг энх амгаланаар зохицуулахыг хичээсэн гэж Путин онцлон тэмдэглэв. Тусгай ажиллагааны хүрээнд тавьсан зорилгодоо хүрэх хүч, хэрэгсэл тус улсад хангалттай байгааг ч тэрбээр батлан хэлээд, цөмийн зэвсэг хэрэглэхэд хүрэхгүй гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Ирээдүйн тухай өгүүлэхдээ Украинтай эвлэрэх нь зайлшгүй гэж мэдэгдээд, үүнийг цаг хугацааны л асуудал гэсэн байна. 1990, 2000-аад оны түүхэн үйл явдалд Путин ихээхэн анхаарал хандуулж, тухайн үед тогтоон барьж чадаагүй бол Орос орныг “маш гунигтай ирээдүй” хүлээж байсныг онцолсон байна. “Норд-Ост”-од эмгэнэлт явдал тохиолдоход анх удаа өвдөг дээрээ сөгдөн залбирсан тухайгаа тэрбээр ярьж, Бесланы гаслант явдлыг аниагүй шарх хэмээн нэрлэв.
Эрх мэдлийн залгамж чанарын тухай сэдвийг хөндөхдөө Путин ард түмнийхээ итгэлийг хүлээх чадвартай хэд хэдэн хүн Орост гарч ирэх ёстой, тэгэж байж л сонголт бодитой болно гэж мэдэгдлээ. Халааг нь авах хүний талаар байнга бодож явдгаа тэрбээр хэлээд, улс орны ирээдүйн удирдагчийн эцсийн сонголтыг ард түмэн хийнэ гэсэн байна. Ард түмний итгэл бол улс орны тогтвортой байдал, хөгжил, аюулгүй байдлын чухал нөхцөл гэж үздэгээ ОХУ-ын Ерөнхийлөгч хэлжээ. Түүний хэлснээр үүний тулд эрх баригчид үнэнч шударга, үр бүтээлтэй ажиллаж, орос хүмүүсийн амьдралыг сайжруулах ёстой аж.
Улсынх нь ирээдүй хамаарах хүн амын хямралыг Орос оронд тохиолдож буй нэг гол асуудал гэж Ерөнхийлөгч үзэв. Хүчирхэг гүрний хувьд 150 орчим сая хүн ам хангалттай биш гэж үздэгээ тэмдэглэн хэлсэн байна. Түүний үзэж буйгаар хүн амын өсөлт нь үндэстний хүч чадлыг тодорхойлдог тул нөхөн үржлийг нэмэгдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэх шаардлагатай аж. Оросын төр гэр бүлийг дэмжих талаар идэвхтэй ажиллаж буй ч уг асуудал удаан хугацааны хүчин чармайлт шаардаж, анхаарал татсаар байгаа юм байна. 2022 онд эхэлсэн Украин дахь цэргийн тусгай ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярьжээ. “Бид Донбассын асуудлыг энхийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзсэн ч нөгөө тал маань өөрөөр бодож, өөрөөр хөдөлсөн” хэмээн тэмдэглэв.
Аугаа их Эх орны дайны үеийн “Орос орон агуу том ч ухрах газар байхгүй, ард Москва байна” гэсэн алдартай уриаг давтан хэлээд, улс орных нь ирээдүй өөрсдөөс нь хамаарахыг Оросын ард иргэд ойлгож байгаа гэжээ. Цэргийн тусгай ажиллагааг 2014 онд эхлүүлэхэд, Өрнөдийг сөрөн зогсоход Орос бэлэн байгаагүй юм. Тиймээс нөмрөөд ирэх аюулыг сөрөхийн тулд эдийн засгаа, армиа бэхжүүлэх шаардлагатай байсан гэж нэмж хэлсэн байна. Донбасс дахь зөрчил тэмцлийг энхийн замаар зохицуулна гэсэн итгэлтэйгээр Орос гарын үсэг зурсан Минскийн гэрээний талаар Путин бас ярьжээ. Гэтэл Өрнөд уг гэрээг Украиныг нэмэн зэвсэглэж, дайнд бэлтгэхэд ашиглажээ. “Биднийг ердөө л хуурч орхисон” гэж тэрбээр хэлээд уг үйл явдлыг “чухал сургамж” хэмээн нэрлэсэн байна.
Орос орон өнөөдөр Өрнөдийг ганцаараа сөрөн зогсож буй гэж мэдэгдэв. Өрнөд нэгийг ярьж, нөгөөг хийн хар санаатай хандаж байгаа, энэ нь 2000-аад оны эхээр л тодорхой байсан гээд Өрнөдийн түншүүд Оростой тохиролцсоноосоо өөрөөр хандаж, Кавказад алан хядагчдыг дэмжсэнийг Путин жишээ болгон дурдав. 2007 онд Мюнхений бага хурал дээр хэлсээр байхад Өрнөд хайхрахгүй байсаар Украин дахь эмгэнэлт явдалд хүргэсэн, “Бүгдийг сонссон хэрнээ зохих ёсоор анхаарал тавиагүй” гэж Путин тэмдэглэжээ. “Их долоо”-гийн орнуудын нөлөө ойрын 25 жилд буурна гэж үзэж буйгаа Путин илэрхийлсэн байна. Худалдан авах чадварын хувьд БРИКС “долоо”-гийн орнуудын өмнө гишгэсэн. Энэ байдал цаашдаа ч хадгалагдана хэмээн хэлэхдээ эдийн засгийн төв Ази-НомхонЫ далайн бүс нутаг руу шилжиж байгааг тэмдэглэсэн байна. ЗСБНХУ бутарсаны дараа Оросын хүч суларсан гэж Өрнөд үзэж, түүнийг хуваахыг эрмэлзсэн ч Орос байр сууриа бэхжүүлж чадсан хэмээн Путин тэмдэглэв. Хятад улсыг дэлхийн тогтвортой байдлыг бэхжүүлсэн стратегийн түнш гэж ОХУ-ын Ерөнхийлөгч нэрлэжээ. “Бидний ашиг сонирхол нэг байгаа” хэмээн онцлов. “Бид Хятадын цагаан хэрмийг дахин босгоогүй, харин манай харилцааны шинэ нэгдмэл суурийг тавьсан. Өргөн цар хүрээтэй эмх замбараагүй байдлын “Би сая сая иргэнтэйгээ нэг л агаараар амьсгалдаг” нөхцөлд энэ харилцаа хөгжил дэвшлийн хүчин зүйл болсон”.
Уламжлалт үнэт зүйл бол Орос улс оршин тогтнохын үндэс хэмээн Путин онцлон тэмдэглэв. Материаллаг хангамжийг гол болгосон Өрнөдөөс ялгаатай нь Орост ёс суртахуун чухал. Өрнөд олон зууны турш Оросоос юухныг ч болов зулгаахыг оролдож ирсэн гээд Орос улсаа хөгжүүлэхийн тулд Өрнөдөөс сайн юмыг нь сонгож авсан I Петр хаанаараа жишээ татав. “I Петр бүхнийг хуулж авахыг хүсээгүй гэдэгт би итгэдэг”. Хэдийгээр хоригт орсон ч гэлээ 2014 онд Крымийг нэгтгэсэн нь зөв шийдвэр байсан гэж үздэгээ ОХУ-ын Ерөнхийлөгч илэрхийлэв. “Крымийг дэмжих нь ОХУ-ын тусгаар байдлыг бэхжүүлнэ”. Путин Кремль дэх өөрийн байрыг харуулж, байдал төвөгтэй болсон үед бурханд залбирдгаа нуусангүй. “Хувь заяагаа шийддэг улс төрч гэж би өөрийгөө үздэггүй.
Оросын сая сая иргэнтэй би нэг л агаараар амьсгалдаг. Би бол эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн хүн. Улсынхаа ирээдүйн төлөө хүлээх хариуцлага миний нуруун дээр байгаа” хэмээн онцолсон байна. Шинэхэн түүхийнхээ туршид Орос орон ядууралд хамгийн бага өртөж байна гэж Путин үзэж буй юм байна. Тодруулбал, дурдсан хугацаанд Оросын ард түмний амьдрал тэгтлээ дор ороогүй, сайн байгаа гэсэн үг. “Орос, Кремль, Путин, 25 жил” гэдэг энэ баримтат киног Саида Медведева, Павел Зарубин нар бүтээжээ. Үүнээс гадна Владимир Соловьёв, Павел Зарубин нар ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын өдрүүд, Орос орны амьдралын чухал үйл явдлуудын тухай “Москва, Кремл, Путин” нэртэй зохиогчийн теле сэтгүүлийг 2018 оны есдүгээр сарын 1-нээс бэлтгэж “Россия-1” телевизийн сувгаар долоо хоног тутам нэвтрүүлж иржээ.
Р.Жаргалант