Олон улсын сувилагчийн өдөр энэ сарын 12-нд тохионо. Монголын сувилагчдын нийгэмлэг болон тэдний төлөөлөл өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Сувилагчдын эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх сувилахуйн хөгжлийн ордон байгуулах асуудлаар мэдээлэв. Манай улсад 14 мянга гаруй сувилагч бий гэнэ. Тэд нэгдэж нийлж, сурч хөгжих, судалгаа шинжилгээ хийх сувилахуйн хөгжлийн ордон шаардлагатай байгааг онцоллоо. Өөрөөр хэлбэл “Ковид-19” цар тахлын үед Монголын сувилагчдын нийгэмлэгийнхэн 21 аймгийн 36 сумын 5000 гаруй сувилагчтай уулзсан байна. Уулзалтын үр дүнд сувилахуйн хөгжлийн ордонтой болох асуудалд нэгдэж, энэ санал хүсэлтээ УИХ-д өргөн барьжээ. Уг асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар дэмжиж, 2023 оны улсын төсөвт 13 тэрбум төгрөг суулгасан гэх мэдээг сувилагчдад өгсөн гэнэ. Гэвч одоог хүртэл сувилахуйн хөгжлийн ордны суурийг тавиагүй бөгөөд төсөв нь хаана байгаа нь ч тодорхойгүйг сувилагчдын төлөөлөл ярьсан юм.
Олон улсын сувилагчдын өдрийг манай улс Ерөнхийлөгчийн ивээл дор дөрөв дэх жилдээ тэмдэглэх гэж буй. Харин сувилаг¬ чид хурал, зөвлөгөөн бус, сувилахуйн хөгжлийн ордны төсөв хаана байна, хэзээ байгуулахыг тодруулж өгөхийг хүслээ. Өөрөөр хэлбэл, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад сувилахуйн хөгжлийн ордон нэн чухал болохыг тэд дуу нэгтэй хэлж байв. Хоёр жилийн өмнө төсвийг нь баталсан гэх ордны талаар Эрүүл мэндийн сайд ямар ч мэдээлэлгүй байгааг мөн дуулгав. Тэд энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд албан бичиг хүргүүлсэн байна.
Ч.Туяа