Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд “Дорныг дурандахуй: Ласло Фөлдишийн гэрэл зургийн цуглуулга дахь монголчуудын дүрслэл” бүтээлийг өчигдөр олны хүртээл болголоо. Эл бүтээл нь угсаатны зүйч Ласло Фөлдешийн 1967 онд хээрийн судалгааны үеэр авсан 250 гаруй гэрэл зургийг анх удаа хэвлэн нийтлэснээрээ онцлогтой аж. ХХ зууны монголчуудын ахуй амьдрал, гэр, орон сууц, эдлэл хэрэгсэл, гар урлал зэргийг энэхүү бүтээлээс тольдох боломжтой гэнэ. Тэрбээр 700 орчим хар, цагаан болон 250 гаруй өнгөт зургийг гэрэл зургийн хальсанд мөнхөлсөн бөгөөд өдгөө Будапешт хотын Угсаатны зүйн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй. Ласло Фөлдишийн Монголд авсан ховор, сонирхолтой гэрэл зургуудаас бүрдэх энэхүү ном нь ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг “Монголын угсаатан судлаачдын гэрэл зургийн өв” цуврал бүтээлийн IV боть боллоо.
У.Сүрэн