Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн болон түүний найз охин Ө.Өгөөмөр нарын сошиал хуудсаараа зарласан тансаглал монголчуудыг хэдэн өдөр бухимдуулж, гүйцэтгэх засаглалын тэргүүнээс ёс зүй нэхэн, орлогоо нотлохыг шаардахад хүргэв. Олон нийтийн зүгээс тэднийг төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр “туйлж” байна хэмээн эсэргүүцэн жагсаж, иргэн Ц.Лут-Очир тэргүүтэй хүмүүс Ерөнхий сайдыг худуудтай нь хамт шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өчигдөр гомдол гаргажээ. Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон худ ургийн холбоотой Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын цахим орчинд тархсан хэрэглээний зардлын байдал нь АТГ-д мэдүүлсэн ХОМ-тэй нийцэхгүй, тухайн өндөр үнэтэй зарлагыг авлигын мөнгөөр төлсөн, мөнгө угаасан байж болзошгүй байгаа тул хуульд заасан үүргийнхээ дагуу уг мэдээллийн мөрөөр хэрэг үүсгэж шалгаж өгнө үү” хэмээн гомдолдоо дурдсан байна. Гэвч гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэдэг ч шалгах эрхгүй бөгөөд харин УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо энэ асуудлыг хариуцдаг. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаанаас, хэрхэн, ямар эх үүсвэрээр тийм их хэмжээний орлого олж байгааг хянан шалгах, сонсгол зохион байгуулах эсэх, шийдвэрийг тэд гаргах эрхтэй гэсэн үг. Хэдхэн жилийн өмнө “Төрийн албанд шударга ёс тогтооно. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл “Жи класс” хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна” хэмээн мэдэгдэж байсан Ерөнхий сайдаас өөрөөс нь одоо ард түмэн шударга ёс нэхэж, орлогоо нотлохыг шаардаж байна. Тиймдээ ч төв талбайд өчигдөр зарим иргэн жагсаал зохион байгуулсан юм.
Л.Аргамжин