Монголын иргэдийн БНСУ-д ажиллаж амьдрах, сурах, жуулчлах визийн мэдүүлгийг Улаанбаатар дахь эрх бүхий хэд хэдэн төвөөр дамжуулан авдаг. Тэдний нэгийнх нь байранд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хулгайч оржээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг, “Дрийм плаза” төвийн хоёрдугаар давхарт байрлах БНСУ-ын виз мэдүүлгийг төлөөлөн хүлээн авах төвийн хаалгыг эвдсэн тухай дуудлага ирсний дагуу тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн ажилтнууд хэргийн газарт очсон байна. Улмаар үзлэг шалгалт хийхэд хулгайч орсон ч эд зүйл аваагүй нь тогтоогдсон гэнэ. Тиймээс уг байгууллагын ажилтнууд ямар нэг гомдолгүй гэсэн тайлбар хэлсэн учраас гомдол, мэдээллийг хэрэгсэхгүй болгожээ.