Манай улс он гарснаас хойш буюу энэ сарын 14-ний байдлаар 49 607 ширхэг суудлын автомашин импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин 9790 ширхэг ачааны автомашин оруулж ирсэн нь өнгөрсөн жилийнхээсээ 5.2 хувиар буурсан дүн гэдгийг Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээллээ. Түүнчлэн энэ сарын хагаст 295.3 мянган тонн нүүрс экспортолжээ. Ингэснээр оны эхнээс хойших экспортын нийт хэмжээ 25.6 сая тоннд хүрсэн байна. Үүнийг 2024 оныхтой харьцуулахад 5.9 хувиар буурсан үзүүлэлт гэв. Ташрамд дурдахад, Гаалийн ерөнхий газрынхан хиймэл оюунд суурилсан дэвшилтэт техник, технологи, программ хангамжийг нэвтрүүлэх төслийг БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн яамныхны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр болсноо мэдээлсэн. Төслийг тус улсын технологийн тэргүүлэгч гурван компани хамтран хэрэгжүүлэх аж. Ингэснээр хилийн хяналтын чадавхыг сайжруулах бөгөөд гаалийн байгууллагыг өгөгдөлд суурилсан удирдлага, үр ашигтай үйл ажиллагаа, үр дүнтэй эрсдэлийн үнэлгээтэй болгон ил тод, авлигаас ангид байлгаж, хариуцлагатай тогтолцоог төлөвшүүлэх, татварын орлогыг нэмэгдүүлэх, хууль сахиулах ажлыг эрчимжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах гэнэ.
О.Оргилох