Увс аймгийн Өндөрхангай сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхөн аймгийнхаа 100 жилийн ойн хүрээнд “Ойрад” театрын төв талбайд монголчуудын бахархалт дуучин, Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг сүндэрлүүлэхээр төлөвлөж, санаа нэгдэн ажиллаж байгаа аж. Түүний нэрэмжит Өндөрхангай сумын Соёлын төв үйл ажиллагаагаа явуулаад эхэлжээ. Түмэндэмбэрэл дуучин Увс аймгийн Өндөрхангай сумд 1939 онд Гомбын охин болж төржээ. Тэрбээр 1955 онд Улаанбаатар хотод шилжин ирж, аж үйлдвэрийн комбинатын эсгий, эсгий гутлын үйлдвэрт ажиллаж байгаад Улсын ардын дуу, бүжгийн чуулга (УАДБЧ)-д гоцлол дуучнаар орж, 40 гаруй жил уран бүтээлээ толилуулсан байна. Түүнийг улаан буланд тоглолт хийж байхыг Улаанбаатар хотоос очсон зохиолч Л.Ванган үзээд авьяасыг нь үнэлж, урлагийн сургуульд суралцахыг зөвлөснөөр уран бү¬ тээлийнх нь зам эхэлсэн гэдэг. УАДБЧ-д байхдаа “Туулын урсгал”, “Цэнгэлийн хур”, “Цэнхэрлэн харагдана”, “Хөх торгон дээл”, “Гандан уулын цэцэг”, “Тамирын гол” зэрэг зохиолын болон ардын 70 гаруй дууг олны сонорт хүргэж, үзэгчдээс өндөр үнэлэлт авсан тул БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1980 оны 299 дүгээр зарлигаар түүнд Ардын жүжигчин цол олгосон байна.
Г.Бат