Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах үндэсний төлөвлөгөөгөө бүрэн боловсруулсан орнуудын жагсаалтад манай улс багтжээ. Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхт, цөмийн эрсдэлийг багасгах тэргүүн санаачилгын төвийн үндэсний зохицуулагч нарын уулзалт Бельги улсын Брюссель хотноо энэ сарын 12-15-нд боллоо. Энэ үеэр тус төвийн нарийн бичгийн дарга Хими, биологи, цацраг идэвхт, цөмийн эрсдэлийг багасгах үндэсний төлөвлөгөө боловсруулж, батлах ажил бүс нутгуудад амжилттай үргэлжилж байгааг онцолж, манай улсыг уг төлөвлөгөөгөө бүрэн боловсруулж дууссан орны жагсаалтад багтсаныг зарлав. Энэ нь Монгол Улсын биоаюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандартад нийцсэн чадавхтай болох чиглэлээр хэрэгжүүлж буй тууштай бодлогын үр дүн болохыг салбарын мэргэжилтнүүд онцолж буй. Энэ удаагийн хуралд 64 орны үндэсний зохицуулагч, зөвлөх, НҮБ-ын бүс нутаг хоорондын гэмт хэрэг, шударга ёсны судалгааны хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, ахиц дэвшлийг хэлэлцжээ. Тус хурал нь хими, биологи, цацраг идэвхт, цөмийн эрсдэлийг багасгах чиглэлээр бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, уялдаа холбоог сайжруулахад өндөр ач холбогдолтой гэнэ.
У.Сүрэн