Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос сумын шууданчийг унах унаатай, суух өрөөтэй, авах цалинтай болгох асуудлыг хөндөж, жил гаруйн хугацаанд хөөцөлдсөний үр дүнд тавдугаар сарын 6-нд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хурлаар “Монгол шуудан” ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг авч хэлэлцсэн билээ. Инновац, цахим бодлогын байнгын хорооны тогтоолоор Шуудангийн болон Харилцаа холбооны тухай хууль, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн журмын биелэлтийг хянан шалгах, шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтыг сайжруулах, цахим худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх талаар санал, дүгнэлт гаргах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхбатаар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн анхны хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Монгол шуудан” ХК, Харилцаа холбооны зохицуулах хороо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөгч¬ дөөс гадна “Инфинити шуудан”, “ММ post”, “UB cap” зэрэг хувийн хэвшлийн төлөөлөл, шуудангийн мэргэжилтнүүд оролцов. Ирэх сарын 1-ний дотор оролцогч талуудын саналыг нэгтгэн, ажлын хэсгийн дараагийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо.
У.Оргилмаа