Монгол Улсын Ерөнхий сайдын ууган хүү болон бэрийн тансаглалтай холбоотой шуугиан нийгэмд үүсээд буй. Улмаар иргэд Засгийн газрын тэргүүнийг огцрохыг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаж байгаа билээ. Үүний хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -Говийн бүсэд ажил - лаж байх үед ийм асуудал гарлаа. Ирээд хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. Миний хүү 23 настай. Найз охинтой болсон нь үнэн. Ар гэр, аав ээжтэй нь уулзаж, танилцаж амжаагүй явна. Хүнд хайр сэтгэлтэй болж, сүй тавих бөгж бэлэглэсэн нь ч үнэн байна. Хүүгийн хайр сэтгэлд хүндэтгэлтэй хандаж байна. Олон нийтийн зүгээс тавьж буй энэ асуудал ч зөв зүйтэй. Орлогоо нотлох ёстой. Миний хувьд зав зайгүй, ярилцах завгүй явсан нь ч үнэн.
Том хүүгийн мэдээлэл анх удаа нийгэмд гарч байна. “Янз бүрийн асуудалд оролцов, хүний нүдэнд харагдав” гэж байнга сануулж байсан нь буруу ч юм шиг. Насанд хүрсэн хүн өөрийнхөөрөө нийгэмд танигдах нь зөв. Багаасаа аялах дуртай, аялал жуулчлалын чиглэлээр суралцах сонирхолтой, нээлттэй, студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой, “Херо”-той хамтарч ажилладаг хүү.
Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт “Херо энтертайнмент” (50 хувь), “Хүлэг контент” гэх хоёр компани бий. Бие хүнийхээ хувьд олон нийтэд мэдээллээ өгөөд явах байх. Аавын хувьд хүүгийнхээ орон зайд халдахыг хүсэхгүй байна. Хэрэв хөрөнгө орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой. Олон нийтийг талцуулах ийм асуудал болсонд хүлцэл өчье
Засгийн газраас хэд хэдэн багц арга хэмжээнүүдийг авч байгаа. Авлигын ялын бодлогыг чангатгаж, 12 жилийн ял өгдөг болсон. Төрд ажиллаж буй өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг нь улсын орлого болгох хуулийг өнгөрсөн арваннэгдүгээр сард санаачилсан. Үүнийг баталчихвал хөрөнгө орлоготой холбоотой бүх асуудал тодорхой болно. Орлогоо нотолж чадахгүй бол хураадаг болно. Нэгэнт ийм асуудал гарсан тул хуулийн дагуу бүх орлогоо шалгуулна, олон нийтэд тайлагна гэж хуулийн байгууллагаас хүснэ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Тавантолгойн асуудал, “Авлига”-ын эсрэг хууль, Баялгийн сан гэх мэт том төслүүд том эрх ашгийг хөнддөг. Хувь хүнийхээ хувьд би олон хүнийг гомдоож, эрх ашгийг нь зөрчжээ, ойлгож байна. Намайг янз бүрээр л хэлдэг ч одоо гэр бүл рүү минь орж байгаа юм байна. Цаашдаа хэрсүү байхыг сануулж байна.
21 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын төслийг сая эхлүүллээ. Шанхайд болсон уулзалтаар хоёр улсын Засгийн газар шууд гэрээ хийж ажиллая, дундын хувийн компанийг болиулъя гэж тохирсон. Энэ орой Монголд улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг задарч, чухал асуудал дарагдсан. 2025 оны хоёрдугаар сарын 14-нд буюу Харбинд гэрээнд гарын үсэг зурах өдөр харамсалтай нь нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан. Дараа нь ирээд нягтлахад тэр хэрэг арав гаруй хоногийн өмнө болсон байсан. Гэтэл энэ мэдээллийг яг тэр өдөр нийгэмд цацаж ард түмнийг тавгүйтүүлсэн. Өнөөдөр мөн л Гашуунсухайтын төсөл эхлэхтэй зэрэгцэн миний хүүгийн асуудал гарч ирлээ. Хөрөнгө оруулагчид эргэлзэж байна. Олон улсын гэрээ, улс төр тогтвортой байж чадах уу, үгүй юу гэх асуудал гарлаа.
Эцэст нь хоёр зүйл хэлье. Ард түмнээсээ дахин уучлалт гуйя, сэтгэл санааг нь чилээж эргэлзээ төрүүлсэндээ уучлалт хүсье. Надтай холбоотой сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг байдаг юм бол би хариуцлага хүлээхэд бэлэн. Хэрэв миний хүүгийн орлого нотлогдохгүй бол би мөн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Өнгөрсөн хугацаанд олон зүйл туулахдаа энэ байтугай цохилтууд ирнэ гэж сэтгэл зүйн хувьд үргэлж бэлэн амьдарч байсан. Харин одоо ид яригдаж буй Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хууль гэх мэтийг улс төрийн зорилгоор ашиглах гэж буй “ялаа”-нуудад хандаж хэлэхэд та нар яагаад ч миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг бөхөөж чадахгүй, битгий горьд гэж хэлье.