Онц аюултай гэмт хэрэгтнүүдийг хорьдог байсан “Алькатрас” хэмээх зард гарсан шоронг дахин нээж магадгүй байна. Түүнийг эрүүгийн хэрэгтнүүдийг саатуулдаг, оргох ямар ч боломжгүй гяндан гэж удаан хугацаанд үзсээр иржээ. Гэвч гурван хоригдол эн¬дээс оргоод гараад явчихсан нь одоо хэр нь хүмүүсийн гайхлыг төрүүлсээр буй.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэ шоронг сэргээж, нээхээр төлөвлөж буйгаа зарласан. Түүний хэлснээр холбогдох үүргийг Шоронгуудын товчоо, Хууль зүйн болон Дотоод хэргийн яам, Холбооны мөрдөх товчоонд өгсөн байна. Шоронг сэргээх нь хууль ёс, дэглэм, шударга ёсны илэрхийлэл болно гэж Америкийн удирдагч үзэж буй бололтой.
АНУ-ын ажлаа хийхээс эмээдэг шүүгчдийг барьцаанд байлгахгүй, хууль бусаар орж ирсэн гэмт хэрэгтнүүдийг улсаасаа гаргах болно гэж Трамп амласан юм.
“Алькатрас” хэмээх энэ шорон 1934 оны наймдугаар сарын 11-нд нээгдсэн, дэлхийн хамгийн зартай шоронгуудын нэг байлаа. Одоо Үндэсний соёл, амралтын хүрээлэнгүүдийн албаны харьяанд байдаг аялал жуулчлалын алдар цуутай газар болоод байгаа аж. Гэлээ ч өнгөрсөн зуунаас хойш муу нэрнээс салсангүй. “Алькатрас” гэх нэрийг сонсохоор онц аюултай гэмт хэрэгтнүүдийг нийгмээс тусгаарладаг, оргон зайлах боломжгүй тусгай шорон гэх бодол хүмүүст төрнө. Эхлээд энэ газар “Хотон шувуудын арал” гэх нэртэй байж. Испанийн судлаач Хуан Мануэль дэ Айяла 1775 онд энэ буланг гатлахдаа ийн бичсэн байна.
1850-иад онд АНУ-ын арми энд цайз барьжээ. Иргэний дайны (1861-1865 он) эхний үед Өмнөд нутгаас олзлогдсон хүмүүс Алькатрасын анхны хоригдол болсон аж. 1907 онд тус арал цайз байхаа больж, АНУ-ын цэргийн шоронгийн Номхон далайн салбар байснаа 1915 онд АНУ-ын цэргийн хуарангийн нэг салбар болжээ. Ийн өөр¬ чилснөөр “Алькатрас” зөвхөн шийтгэдэг биш, бас хүмүүжүүлдэг газар болсон байна. Гэтэл 1930-аад оны их хямрал бүхнийг өөрчилж, цэргийн төсөв хорогдож, гудамжинд гэмт хэрэгтэн олширч, тэднийг хорих газар хэрэгтэй болсноос Алькатрасыг Шоронгуудыг удирдах газрын мэдэлд шилжүүлжээ.
Хад чулуутай энэ арал 336 хүн хорих боломжтой том шорон болж хувирсан ч удирдах газрын баримтаар энд дунджаар 260-275 хүн хоригдож байжээ. Бусад хорих газ¬арт байрлууДахин “амилах” шорон хийгээд далан жилийн дараа илрэх хэрэг лахаасаа халширдаг, түүгээр ч зогсохгүй эмээдэг, оргох эрсдэл ихтэй хүмүүсийг энд хорьдог байв. Америк даяар нэрд гарсан дээрэмчин Аль Капоне, Жеймс Балжер, Жорж “пулемет” Келли, “Алькатрасын шувуу баригч” хочтой Роберт Страуд зэрэг хүн энэ шоронд хоригдож байжээ. Энэхүү Страуд шоронд байхдаа шувуу барьж, зарж, сэтгэлээ тайвшруулдаг байснаас ийм хоч авсан гэдэг.
“Алькатрас”-аас амьд гарах боломжгүй гэж үзсээр байв. Энд хоригдож буй хүн сонин унших, радио сонсохыг хориглоно, захидал бичгийг эх хувиар нь биш, хуулбарлаж өгнө, энэ нь нууц мэдээлэл дамжуулагдахаас сэргийлэх арга байж. Шоронгоос хэн ч оргохгүй гэж үздэг нь түүний газар зүйн байрлалтай нь холбоотой. Асар хүйтэн ус, түүний түргэн ширүүн урсгал нь тус арлыг эх газраас найдвартай тусгаарладаг байв. 1934-1963 онд 29 жил ажиллахад эндээс бараг хэн ч амьд гарч чадаагүй гэдэг. Оргох оролдлого хийсэн 36 тохиолдол бүгд хоригдлуудын үхлээр төгссөн гэж үзсээр ирсэн байна. Ах, дүү хоёр англи, тэдний найз Фрэнк Моррис нар энэ домгийг үгүйсгэжээ
Түүхэнд болсон хамгийн таамаглашгүй үйл явдал 1962 оны зургаадугаар сарын 11-ний шөнө болжээ. Фрэнк Моррис, ах, дүү Кларенс, Жон Англин гурав эндээс оргочихсон байна. Тэр орой тэднийг ердийнхөөрөө хорих өрөөнд нь оруулж түгчжихээд харуулууд нь шөнөжин холхиж хонож. Өглөө болсон чинь нөгөө гурвын хэн нь ч өрөөндөө байсангүй. Тэд орон дээрээ үстэй, нүд нь аниастай хиймэл толгой тавьсан нь харуулуудын санааг амраачихсан аж. Байсхийгээд шагайж харахад гурван хоригдол унтаж байгаа л харагдаад байж. Тэр гурав хийсэн хэрэг арвинтай төдийгүй олон шорон дамжсан, оргож зугтах туршлага ч ихтэй. Моррис нь оюун ухааны чадавх өндөр, 133 гэсэн үзүүлэлттэй байсан нь Английн хүн амын 98 хувиас нь илүү, оргож зугтдагаараа нэрд гарсан нэгэн байв.
“Алькатрас”-аас оргох үйлийг зохион байгуулсан нь түүний энэ чадварынх нь илэрхийлэл гэж хэлж болно. Хоригдлууд хоолны халбага болон тоос сорогчийн аль нэг эд ангиар хийсэн өрмөөр зузаан бетонон ханыг цоолж, тороор хаасан салхи оруулах жижигхэн нүхийг өргөсгөж, төдийлөн хэрэглээд байдаггүй нарийхан хонгилтой холбожээ. Энэ хүчир ажлаа картон цаас болон будгаар халхалж, гарах дуу чимээг нь оройд Моррисын тоглодог гармон хөгжмийн дуугаар дардаг байв. Тэгээд унтах цаг болмогц нөгөө нарийхан хонгилоор дамжин дээвэр дээр гарав. Тэнд хүрээд салхи оруулах сэнс, тор хоёрыг тогтоосон бэхлэлтийг хөрөөдөж салгав. Оргогчид эхлээд дөрвүүл байв. Мань гуравтай хамт Аллен Уэст гэгч оргох байсан ч салхи оруулах сэнсний нүхийг онгойлгож чадсангүй. Оргосон үйлдлийн нарийн ширийнийг мөрдөгчид чухам түүнээс мэдэж авчээ. Үлдсэн гурав нь дээвэрт гараад гал зуухны салхи оруулах хоолойгоор 15 метр өндөр ханаар гулсан буусан байна. Цааш тэдэнд нэг саад байсан нь төмөр утастай гурван метр өндөр хашаа, түүнийг даваад гарав. Шөнийн 22.00 цаг өнгөрч байхад оргодлууд өтгөн манан дундуур алга болцгоов.
Хоригдлуудын оргосныг мэдмэгцээ цагдаа нар хийгээд эргийн хамгаалалтынхан жижиг хөлөг онгоцнууд, цэргийн нисдэг тэрэг хөлөглөн эрэл хайгуулын ажлыг эхлүүлжээ. Маргааш нь “Алькатрас”-аас хойш гурван километр зайд оргодлууд ус гатлахдаа хэрэглэсэн дүнз, сэлүүр зэрэг нь байхыг олов. Тэнд мөн нэг хавтас байсны дотор ах, дүү Англин нарын хувийн эд зүйлс болох мөнгө гуйвуулсан баримт, найз нөхөд, садангийнх нь хүмүүсийн нэр, хаяг, фото зураг байлаа. Тэр шөнө оргодлуудын явсан газар дээрэм тонуул, машин хулгайлсан хэрэг ер гараагүй, тэднийг хэн ч хараагүй байв. Ингээд оргодлууд 16 километр өргөн булангийн хүйтэн усанд живж, цогцос нь тэнгист урсаж одсон гэсэн дүгнэлтэд эрэн хайгчид хүрчээ. Эцэст нь тэднийг амиа алдсан хэмээн зарлав. Гэхдээ энэ хэргийг хааж болохгүй байж. Цаг хугацаа өнгөрөх тусам уг явдлын талаар шинэ шинэ мэдээлэл гарч ирсээр байлаа.
Хүмүүсийн гайхлыг хамгийн их төрүүлсэн зүйлсийнх нэг нь Сан-Францискогийн цагдаагийн газарт 2013 онд ирсэн захидал аж. Түүнийг Жон Англин бичсэн нь илт. 83 настай тэрбээр Моррис 2005 оны аравдугаар сард нас барсан гэж бичсэн байлаа. Түүний шарилыг өөр нэрээр нутаглуулжээ. Ах нь 2011 онд хорвоог орхиж. Жон Англин хууль сахиулагчдад хандсан нь тэрбээр хорт хавдартай учир шорондоо нэг жилийн хугацаагаар дахин хоригдож, хариуд нь өвчнөө эмчлүүлэхийг хүссэн байна.
“Хэрэв та бүхэн шоронд намайг нэг жилээс илүүгүй хугацаагаар суулгаж, эмнэлгийн тусламж үзүүлэхээ телевизээр амлавал би хаана байгаагаа та нарт мэдэгдэнэ. Энэ наргиан биш шүү, жинхэнэ тангараг мэт үнэн үг болно” гэж Жон Англин бичсэн байв.
Чухам энэ захидал Холбооны мөрдөх товчооныхныг илрээгүй энэ хэргийг эргэн судлахад хүргэжээ. Гэтэл хурууны хээ, бичгийн хэв, ДНХ шинжилгээний дүнг тусгай албад нотолгоо болсон гэж үзсэнгүй. Олон арван жилийн турш энэ түүхийн эргэн тойронд цөөнгүй домог бий болов. Ах, дүү Англины ээж нь хүүхдүүдээ шоронгоос оргосны дараа төрсөн өдрөөрөө хэн нэгнээс цэцэг авдаг байжээ гэх яриа ч тархаж. Түүгээр ч барахгүй ээжийгээ оршуулахад ах, дүү хоёр оргодол хүмүүст танигдалгүй ирж оролцсоныг нь нотлох гэрч ч гарч ирсэн байна. Гэлээ ч тэр нэгэн шөнөөс хойш энэ гурван гэмт хэрэгтэн хаана байгааг хэн ч мэдсэнгүй.
Олон жил оньсого мэт байсан энэ явдлыг тайлах оролдлогыг 2020 онд орчин үеийн технологи ашиглан хийжээ. Ирландын “Identv” компани хиймэл оюун ухаан ашигласан байна. Тэгээд тэднийг оргосноос 13 жилийн дараа Бразилд ах, дүү хоёрын зургийг олжээ. Уг системээр 1975 онд зургийг судлахад нарны шил зүүсэн урт үстэй хоёр эр байсан нь Жон болон Кларенс Англин нар хэмээн хиймэл оюун ухаан 99 хувийн магадлалтай баталжээ. “Identv”-гийн тайлбарласнаар хурууных нь хээг харьцуулах аргыг хэрэглэжээ. Визуаль мэдээлэлд задлан шинжилгээ хийсний үндсэн дээр хүмүүсийг эрж хайхад хиймэл оюун ухаан ойрын ирээдүйд итгэлтэй зэвсэг болох найдвар бий гэж “Identv” компанийн захирал Марк Хью хэлсэн хэрнээ зард гарсан дээрх оргодлуудыг мөрдөн шалгах ажиллагааг сэргээн хийх болов уу гэсэн асуултад хариулт өгсөнгүй.
Энэ гурвын хэрэг тэднийг 100 насалтал буюу 2031 он хүртэл илрэхгүй бололтой.
Р.Жаргалант