“Зөвлөлтийн Моцарт” хэмээн олноо алдаршсан XX зууны Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн XV уралдаанд ОХУ, БНХАУ, Австри, Беларусь, Испани, Армени, Казахстан, Монгол Улсаас шалгарсан 302 дуучин Москва хотноо тав хоногийн турш өрсөлдөж буй. Шүүгчдийн зүгээс гала тоглолтод тэднээс 25-ыг нь оролцуулахаар шийдвэрлэсний дунд манайхаас Үндэсний урлагийн их театрын гоцлооч Соёлын тэргүүний ажилтан Б.Бямбадорж, П.Баярмагнай, Гнесиныхны Хөгжмийн академийн магистрант Б.Оюу-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын дэргэдэх Бельканто дуулах урлагийн сургуулийн 13 настай сурагч Э.Эрдэнэжаргал нар багтжээ. Ташрамд дурдахад, хөгжмийн урлагийн бүхий л төрөл жанраар чансаатай бүтээлүүд туурвисан Исаак Дунаевский нь 14 оперетта, гурван балет, хоёр кантата, 80 найрал дуу, 80 дуу, романс, 88 драмын жүжиг, 42 киноны хөгжим, эстрадын 43, жазз найрал хөгжимд 12 зохиол, уянгын 17 мелодекламаци, 52 симфони, төгөлдөр хуурын 47 бүтээл зэрэг арвин өв үлдээсэн байдаг.
Л.Ням